С.Батжаргал: Эрдэнэтийн залуучууд хөгжлийг түүчээлнэ гэдэгт би эргэлздэггүй.
Монголын Залуучуудын байгууллагын 100 жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд Орхон аймгийн ХЗЭ-ийн ахмад ажилтны холбоо, Орхон аймгийн Залуучуудын зөвлөл хамтран гурван үеийн уулзалт зохион байгуулсан. Бид Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргалтай цөөн хором ярилцлаа.
-Энэ онд Монголын Залуучуудын байгууллагын 100 жилийн ой тохиож байна. Танд түүхт ойн баярын мэнд хүргэе. Таны хувьд Залуучуудын байгууллагад тэргүүлэгч байсан туршлагатай. Та тэр үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?
- Баярлалаа. Нийт залуучууддаа баярын мэнд хүргэе. Өнөөдөр бол Монголын хувьсгалт залуучуудын эвлэл үүсэн байгуулагдсан өдөр. Залуучуудын эвлэлийн үйл ажиллагааг Монголын залуучуудын холбоо залгамжлан, эвлэл байгуулагдсан түүхэн өдрийг баярын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтоод удаж байна. Өмнө нь бидэнд энэ залуучуудын байгууллагыг удирдах хувь тохиож байлаа. Манай хурлын дарга Залуучуудын салбар зөвлөлийн тэргүүн, би тэргүүлэгчээр нь ажиллаж байлаа. Тухайн үедээ л залуучууддаа чиглэсэн олон ажил хийнээ. Тэгээд нэг удаа анхдагч нараа цуглуулаад уулзалт хийж байлаа. Тэр үед нэг ахмад ярьж байсан юм. Яг эмнэлэгийн хашаанд очоод энэ эмнэлгийг яаж барьж байсан тухай нүдэнд харагдтал ярьж билээ. Тэр л үед бид бахархах олон зүйлтэй түүнийгээ хойч үедээ үлдээх хэрэгтэй юм байна гэж бодож байлаа.
Тиймээс Залуучууд идэвхтэй, эвлэлдэн нэгдэж чадвал ямар амжилт гаргаж чаддаг вэ? гэдгийг бид бүхэн харуулж байна. Бодит жишээ нь манай Эрдэнэт хот. Эрдэнэт хот бол цэвэр залуучуудын гараар бүтсэн хот. Энэ жил 12-р сарын 11-нд 45 нас хүрч байна. Тэгэхээр Монголын залуучууд эвлэлдэн нэгдэж зохион байгуулалтад орж чадвал юм бүхнийг хийж бүтээж чаддаг юм гэдгийг харуулсан тодорхой жишээ Монгол улсын баатар үйлдвэртэй хот юм.
-Таны хувьд Засаг дарга болсноосоо хойш Залуучуудад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхэд ихээр анхаарч байна. Манай аймаг Залуучуудын зөвлөх багтай болсон нь эхний алхам байлаа. Энэ баг хэрхэн ажиллах вэ?
-Эрдэнэт хот бол залуучуудын хот. Тэр ч үүднээс энэ хотыг удирдаж байгаа хүний хувьд залуучуудаа дэмжсэн бодлого чиглэлтэй байх нь зүйтэй гэж ажилдаа илүүтэй тусгахыг хичээдэг. Тийм учраас 3 багийг байгуулсан. Түүний нэг нь Залуучуудын зөвлөх баг. Зөвлөх багийн удирдлаган дор бүх багт 15 хүний бүрэлдэхүүнтэй Залуучуудын салбар зөвлөл ажиллаж байна. Тэнд ажиллаж байгаа болон Эрдэнэт хотынхоо залуучуудын шинэлэг санаануудыг дэмжиж ажиллана. Энэ хавар бид хэдийгээр цар тахалтай байсан ч “Залуучууд хөгжлийг түүчээлнэ” онлайн хурал зохион байгуулсан. Тус хурал дээр залуучууд хийж байгаа, хийх гэж байгаа төсөл, саналуудаа танилцуулсан. Тэр төслүүдээс өөрсдийнх нь төслийг өөрсдөөр нь хийлгэх үүднээс төсвийг нь аймаг орон нутаг шийдвэрлэж 5 төсөлд 30 сая төгрөгийн санхүүжилт олгосон. Мөн бид 2 жилийн өмнөөс НҮБ–тай хамтран “Идэвхэжсэн-2030” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ бол залуучуудыг цэвэр идэвхжүүлэх зорилготой. Энэ ямар ч өндөр үнэтэй олон тэрбумын барилгаас илүү хөрөнгө оруулалт гэж би хувьдаа бодож байгаа. Залуучууд идэвхэжих ёстой.
- Эрдэнэт хотыг хөгжүүлэхийн тулд залуусын оролцоог багаас нь нэмэгдүүлэх хэрэгтэй юм шиг ээ. Дунд ангиас нь ч юмуу. Ингэвэл хүүхэд хүүхдээр дамжуулж хөгжих боловсрох боломж байна. Үүнд таны бодол?
- Тийм. Энд нэг зүйлийг хэлэхэд өнгөрсөн жилийн хавар бид бүхэн 12-р анги төгсөгчдийн төлөөлөлтэй уулзалт хийсэн. Миний хувьд тэр хүүхдүүдэд хэлсэн зүйл бол “Та бүхэн төгсөөд Эрдэнэт хотдоо ирээч ээ, энд ээ ажиллаач, юу хийхийг хүсэж байна. Та бүхэн сурч байгаа болон ажиллаж байгаа газраа Монгол, гадаад хаана байх нь хамаагүй, энд нэг ийм асуудал байсан юм байна. Тэрийг ингэж шийдэж байсан юм байна. Энэ манай Эрдэнэтийн энд яг таарах санаа байна гэдгийг аймгийнхаа удирдлагуудтай санал солилцож амьд харилцаатай байгаач” гэж хэлсэн. Тэр үед хүүхдүүд маш хэрэгтэй сайхан санаанууд гаргаж байсан. Одоо зарим нь ажил хэрэг болоод явж байна. Яг энэ хүрээнд хүүхдийг хүүхдээр нь дамжуулж хөгжүүлэх, мэдлэг олгох тал дээр БСУГ-т бид үүрэг өгч байна. Сургуулиудад “Хүүхэд оролцооны өрөө” нээгээд өгчих өө гэж байгаа юм. Түүнд яах вэ гэхээр хүүхдүүд start up эхлүүлж, иргэний төслөө хийж, хоорондоо саналаа солилцоод сургуульдаа, хэн нэгэндээ өөр хоорондоо хэрэгтэй төслөө хийг, эхлүүлэг. Тийм л нэг өрөө байхад болно. Тэндээс л шинэ шинэлэг санаа гарч байдаг баймаар байгаа юм. Ердөө л энэ маш энгийн. Цаашдаа залуучууд идэвхжих ёстой, хийж бүтээх ёстой, харин аймаг орон нутаг дэмжинэ хамтарна.
-Залуус зөв эхлэлийг тавьж, орон нутаг дэмжинэ гэдэг сайхан санагдаж байна. Залуус маань шинэлэг санаа, шинэ төсөл хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Өнөө цаг үе бол шинэ эрин. Цахимд шилжсэн үе. Дижитал эрин үед бид зохицож амьдрах шаардлага тулгарч байна?
- Залуучуудын маань дараагийн хийх ёстой зүйл бол дижитал эрин үеийн дараагийн Эрдэнэтийг бүтээх. Энэ бол аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал. Удахгүй манайх E-Mongolia төвөө нээх гэж байна. Энэ бол эхлэл. Маш олон гар утасны апликэйшн гарч бидний авдаг үйлчилгээний ихэнх нь цахимжиж байна. Харамсалтай нь бид нар тэр хурдыг гүйцэхгүй байна. Ковидын халдвар хүртэл биднийг хоорондоо уулзаад байх боломжгүй болгож хүчээр цахимжуулж байна. Тэгэхээр бид нар технологийн дэвшлийг л ашиглахаас өөр гарцгүй. Энийг залуучууд зоригтой барьж авах ёстой. Бидний дараагийн үе гарч ирж байна. Үүний эхлэл, бэлтгэл болгож бид нар юу хийх ёстой юм гэдгийг л бодох хэрэгтэй. Бидний үеэс энэ үе, дараагийн үеийнхэн бол тэс өөр. Тийм учраас энэ аж үйлдвэрийн 4-р хувьсгалыг хамгийн сайн нутагшуулсан, хамгийн сайн хэлбэрээр түрүүлж алхсан ийм хот болох ёстой гэж үзэж байгаа. Бидний зорилго бол Эрдэнэтийн гэх тодотголтой Эрдэнэт хүмүүнийг бэлтгэх. Бид бол 45 жилийн өмнө Орхон аймаг Эрдэнэт хотыг байгуулахаар ирсэн оюуны болоод хөдөлмөрийн өндөр чадвартай хүмүүсийн үр сад. Аж үйлдвэрийн 4-р хувьсгал гээд дэлхийд маш хурдацтай өргөн далайцтай өмнөх хувьсгалуудаасаа хамгийн хурдан явж байгаагаараа онцлогтой энэ хувьсгалын номыг орчуулсан залуу Эрдэнэт хотын залуу байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэр Технологийн Паркийн ТЭЗҮ боловсруулж байгаа залуу бас л манай Эрдэнэт хотынх. Мөн Эрдэнэттэй өрсөлдөхүйц тэр их баялгийг бүтээж байгаа “Таван толгой”-н ордыг мөн л Эрдэнэтийн залуу удирдаж Эрдэнэтийн залуусаар багаа бүрдүүлж байна. Энэ бол Эрдэнэтийн залуус оюуны болон хөгжлийн, хөдөлмөрийн чадвартайг харуулж байна. Цаашдаа Монгол улсын хөгжлийг түүчээлж авч явах залуус Эрдэнэтээс төрөн гарна гэдэгт би эргэлздэггүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.