Баян-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Г.Энхтайван, Б.Чинзориг нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэдний мэдээлснээр, 2026 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 18:00 цагт Баян-Өндөр сумын Согоот болон Чандмань багийн Иргэдийн Нийтийн Хурал хуралдаж, хурлын дарга болон Засаг даргыг сонгох аж. Мөн арваннэгдүгээр сарын 23-ны өглөөний 08:00 цагт Говил болон Найрамдал багийн Иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулахаар товлосон гэх мэдээлэл иргэдээс ирсэн байна.
Төлөөлөгчдийн зүгээс эдгээр хурлыг товлосон хугацаа нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 6 дахь заалтад заасан хурлыг таваас доошгүй хоногийн өмнө мэдэгдэж, зарлан хуралдуулах шаардлагыг зөрчиж байна гэж үзжээ.
Иймд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгээс тус хурлын дарга Э.Эрдэнэбатад албан шаардлага хүргүүлсэн байна.
АЛБАН ШААРДЛАГА
Баян-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Эрдэнэбат танаа
Шаардлага хүргүүлэх тухай:
Баян-Өндөр сумын Нийтийн Хурлын сонгуулийг ажлын өдрийн өглөөний 08:00 болон 18:00 цагт товлон зарлаж байгаа нь ажил хөдөлмөр эрхэлдэг иргэдийн оролцоог зориудаар хязгаарлаж, иргэдийн эрхийг үл хүндэтгэсэн үйлдэл гэж үзэж байна. Иймд дараах шаардлагыг хүргүүлж байна.
-
Ажлын өдрийн өглөөний 08:00 болон 18:00 цагт товлосон сонгуулийн зохион байгуулалтыг зогсоох.
-
Сонгуулийг иргэдийн олонх оролцох боломжтой амралтын өдөр, хүртээмжтэй цагт зохион байгуулах.
-
Иргэдийн оролцоог хязгаарласан шийдвэрийг нэн даруй залруулж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар албан ёсоор хариу мэдэгдэх.
Иргэдийн оролцоо, эрх ашгийг үл хүндэтгэсэн энэхүү зохион байгуулалтыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд холбогдох эрх бүхий байгууллагад гомдол гаргаж, хуульд заасан арга хэмжээ авах болно.
Дээрх асуудлыг шуурхай шийдвэрлэж, иргэдийн тэгш хүртээмжтэй оролцоог хангаж ажиллахыг шаардаж байна.
Дарга: Г.Энхтайван
Сэтгэгдэл 0
Сэтгэгдэл бичих
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.