Гарааны бизнес гэж юу вэ ?
Гарааны бизнес гэдгийг маш энгийнээр тайлбарлавал, энэ бол бизнес эхлүүлэх явдал юм.
Бизнес эхлүүлнэ гэдэг хамгийн хэцүү ажлуудын нэг. Дээр дурдсанчлан бизнес хэмээх цагны механизмыг эхлэн түлхэх хэсэг хамгийн их хүч шаарддаг. Та бизнес эхлүүлэх гэдгийг нэг маш том дугуйг эргүүлэхээр хар хүчээрээ түлхэж байгаагаар төсөөлөх хэрэгтэй. Хэрвээ та энэ дугуйг нэг л зөв эргүүлчихвэл цаашид дугуй өөрөө эргэлдэж эхлэх бөгөөд, танаас шаардагдах хүч нь харьцангуй багасах болно.
Аливаа зүйлийн суурийг хэр зөв тавьснаас тэр зүйл цаашид оршин тогтнох эсэх нь хамаардаг гэдгийг та бүхэн мэднэ. Байшингийн суурийг муу тавьсан бол тэр байшин нэг л өдөр нуран унах аюул ихтэй болдог. Тийм л учраас өдөр бүр шинээр эхэлсэн мянга мянган бизнесүүд, сөхрөн дампуурч байдаг, тийм л учраас нийт бизнес эхлүүлэгчдийн 99% нь бүтэлгүйтэж байдаг билээ.
ГАРААНЫ БИЗНЕСИЙН ТӨРЛҮҮД :
- Гарааны жижиг бизнес
- Амьдралын хэв маягт бизнес
- Худалдааны бизнес
- Олон нийтийн сүлжээний бизнес
- Хувиарлах боломжтой бизнес
Гарааны бизнесийн стратеги, тактикийн асуудлаар нарийн мэргэшсэн зөвлөхүүд, экспертүүд их байдаг. Тэгээд ч өнөөдрийн миний илтгэлийн сэдэв маань Гарааны бизнесийн маркетинг тул, би энэ удаад та бүхэнтэйгээ бизнесийг эхлүүлэх үеийн маркетингийн онцлогуудын талаар өөрийн бодол, туршлагыг хуваалцах болно.
Бизнесийг эхлүүлэх үед үргэлж дутагдаж байдаг нэг гол зүйл бол мөнгө, тиймээс гарааны бизнесийн маркетинг нь хэмнэлттэй байх ёстой. Та аль болох бага төсвөөр хэрэглэгчдийг дуудаж сурах хэрэгтэй болно. Маркетеруудын хийх ёстой хамгийн чухал ажил, маркетингийн функцийн бизнес дэх хамгийн гол үүрэг бол Эрэлтийг бий болгох явдал байдаг билээ. Та бага төсвөөр хэрхэн эрэлтийг бий болгох вэ? Өнөө цагт интернет, сошиал медиа орчин энэ бүхнийг хүн бүхэнд боломжтой, энгийн болгож өгчээ. Урьд өмнөх цагуудыг бодвол маркетерууд маань хэрэглэгчдэд хүрэхэд, тэднийг дуудахад илүү бага хугацаа, илүү бага төсвөөр зорьсондоо хүрэх боломжийг интернет ба сошиал сайтууд бий болгоод байна.
Маркетингийн үйл ажиллагааны бүхий л үе шатанд та интернет ба сошиал сайтуудыг ашиглан багахан төсвөөр ажлаа хийх боломжийг олгож байна. Судалгааг онлайнаар явуулах, сурталчилгааг онлайнаар хүргэх, борлуулалт, захиалгыг онлайнаар авах гэх мэт.
Мэдээж маркетингийн уламжлалт хуучны аргууд хэдийгээр үргэлжилсээр байгаа хэдий ч гарааны бизнесийн хувьд энэ нь хэтэрхий өртөгтэй, цаг хугацаа шаардсан зүйл болж байгаа юм. Учир нь 20:80-н дүрэм ёсоор нийт массын 20% нь шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг туршин үзэх, сонирхох хандлагатай байдаг буюу тэдгээр 20% л зах зээлд салхи нэвтрүүлж байдаг. Тэгвэл тэдгээр сониуч хэрэглэгчдийн маань 80% нь залуус буюу интернетийг идэвхтэй хэрэглэгчид байдаг. Тиймээс гарааны бизнесийн хувьд зорилтот медиа хүлээн авагчид, таны анхлан хүрч нөлөөлөх ёстой нөхдүүдийн дийлэнх нь интернет, сошиал ертөнцөөр явж байнаа гэсэн үг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.