Медипас эмнэлгийг буцаан авлаа.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны “Хөрөнгө балансаас хасах тухай” А/108 дугаар тушаалаар “Эрдэнэт медикал” төв эмнэлэгийн 64.8 тэрбум төгрөгийн барилга, орон сууц, дэд бүтэц, тоног төхөөрөмж зэрэг хөрөнгийг “Медипас” ХХК-д шилжүүлэн өгчээ.
Төрийн өмчийг хувийн мэдэлд шилжүүлсэн энэхүү шийдвэрийг цуцлахаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Засгийн газрын 2022 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанд асуудал танилцуулсан. Улмаар хууль бусаар шилжсэн хөрөнгийг төрд буцаан авах шийдвэр гарч Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулжээ.
Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан тус ажлын хэсэг өнөөдөр "Эрдэнэт үйлдвэр"-т ажиллаж байна.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн 78 дугаар тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Хөрөнгө балансаас хасах тухай” А/108 дугаар тушаалаар төрийн хөрөнгийг хувьд шилжүүлсэн шийдвэрийг хүчингүйд тооцож, хөрөнгийг Эрдэнэт үйлдвэрийн балансад эргүүлэн бүртгэж авахаар шийдвэрлэв. Мөн "Медипас" ХХК-ийн захирал Я.Эрдэнэчулуун нь эмнэлгийг төрд буцаан өгөхөө илэрхийлсэн байна.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын “Медипас” ХХК-д хөрөнгө шилжүүлж өгөхтэй холбоотой дээрх шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчжээ.
Тодруулбал, 2016 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцааны 51 хувийг Монгол Улсын Засгийн газар, 49 хувийг Оросын Холбооны Улсын Засгийн газар эзэмшиж байв. Иймд үл хөдлөх хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Монгол улсын Засгийн газар, Оросын Холбооны улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу шийдвэр гаргах шаардлага тулгарчээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар төрийн өмчийн эд хөрөнгийг хувьд шилжүүлэхдээ тодорхой нөхцөлөөр үнэ төлбөргүй шилжүүлэх эсвэл хувьчлах хөтөлбөрийн дагуу шилжүүлдэг хуулийн зохицуулалттай. Мөн Улсын Их Хурлаар төрийн өмчийн хувьчлах үндсэн чиглэлийг баталж, Засгийн газар хувьчлах эд хөрөнгийн жагсаалтыг баталж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн байгууллага хувьчлах арга хэмжээг зохион байгуулж, холбогдох шийдвэрүүдийг гаргадаг.
Эх сурвалж: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын ажлын хэсэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.