Орхон аймгийн засаг даргын орлогч М.Түмэнжаргал: Зохиомол үнэ хөөрөгдөл байна уу, зах зээлийнхээ зарчимаар өссөн байна уу гэдгийг судал
Орхон аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал “Аймгийн Статистикийн хэлтэс долоо хоног бүр бидэнд үнийн мэдээлэл өгдөг. Үүнийг хариуцсан газар хэлтэс нь дахин сайн нягтлах шаардлагатай байна. ШӨХТГ-ын байцаагч нар, холбогдох газар хэлтсийн мэргэжилтнүүд хамтран зохиомол үнийн хөөрөгдөл байна уу аль эсвэл зах зээлийнхээ эрэлт нийлүүлэлтээр үнэ өссөн байна уу гэдэгт хяналт шалгалт хийгээд үнэн бодит мэдээллийг иргэдэд өгөх шаардлагатай байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд шатахуун, хил гаальтай холбоотой ачаа тээвэр нөлөөлж байгааг хаа хаанаа мэдэж байгаа. Шатахуун өнгөрсөн оны мөн үеийнхээс 1000 төгрөгөөр буюу 60 гаруй хувиар нэмэгдсэн байна. Монгол Улс 100 хувь ОХУ-аас шатахууны хамааралтай. Орхон аймгийн ЗДТГ-ын удирдлагууд шатахууны үнийг зохицуулж чадахгүй. Шатахууны үнийг дагаад гурил, будааны үнэ нэмэгддэг. Бид чадахгүй юм аа чадахгүй гээд үнэнээр нь хэлэх ёстой.
Орхон аймаг махны үнийг барих гэж өнгөрсөн жил орон нутгийн төсөвт 600 сая төгрөгийг суулгаснаас 300 саяыг нь гарган нөөцийн махыг худалдаалж эхэлсэн. Үхрийн махны үнэ лангуун дээр 13-15 мянган төгрөгийн үнэтэй бол нөөцийн мах 7800 төгрөгийн үнэтэй байна. 150 тонн нөөцийн мах зарагдахаас өнөөдрийн байдлаар 20 гаруй тонн нөөцийн мах 30 гаруй цэгээр худалдаалагдаж байна” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.