“ҮНДЭСНИЙ БИЧГЭЭР ЦАХИМ БИЧВЭР БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ”-Д СУРГАХ СУРГАЛТАД АРХИВ, БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТНУУД ХАМРАГДАЖ БАЙНА
2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Монгол хэлний тухай хуульд албан хэргийг хос бичгээр бичнэ гэж хуульчилсан.
Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Архивын Ерөнхий газар болон Үндэсний стандартын хорооноос албан хэргийг хос бичгээр хөтлөх стандартуудыг баталж гаргасан. Уг стандартыг төрийн болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн архив, бичиг хэргийн ажилтнуудад танилцуулах “Үндэсний бичгээр цахим бичвэр боловсруулах арга зүй”-д сургах сэдэвт сургалт өнөөдөр Орхон аймгийн МУИС-ийн салбар сургууль дээр эхэллээ.
Сургалтын зорилго нь Орхон аймгийн төрийн байгууллагуудын архив бичиг хэргийн ажилтнуудын үндэсний бичгээр цахим бичвэр боловсруулах арга зүйд сургах, албан хэргийг хос бичгээр үйлдэх стандарттай танилцуулах юм.
Стандартчилал хэмжил зүйн газрын даргын энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн С/13 тоот тушаалаар “Монгол хэл бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага” MNS 6395:2022 стандартыг баталсан.
Орхон аймаг дахь Хэлний бодлогын салбар зөвлөлөөс Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран “Үндэсний бичиг үсгийн баяр-2022” аян, албан хэргийг хос бичгээр хөтлөх бэлтгэл ажлын хүрээнд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн архив, бичиг хэргийн ажилтнууд өнөөдөр сургалтад хамрагдаж байгаа бол маргааш аж ахуйн нэгж байгууллагын холбогдох ажилтнууд хамрагдах юм.
Албан хэргийг хос бичгээр хөтлөх стантарт танилцуулгыг ХБҮЗ-ийн Ажлын албаны ажилтан Т.Даваасүрэн, Үндэсний бичгээр цахим бичвэр боловсруулах арга зүй сэдвээр Өвөр Монгол Их сургуулийн докторант, ХБҮЗ-ийн сургагч багш М.Авирмэд нар хичээл зааж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.