Засаг даргын зөвлөлийн XII хуралдаан боллоо
Аймгийн Засаг даргын зөвлөлийн XII хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгөөр орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих тоног төхөөрөмжийг үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэгээр олгох түр журам батлах тухай хэлэлцэв. Орхон аймагт “Жишиг баг”, “Жишиг эко баг,“ “Смарт эзэд”, “Үйлдвэрлэгч баг” төслийг 2022-2023 онд хэрэгжүүлж, үүнд шаардлагатай төсвийг энэ оны улсын төсөвт суулгасан. Засаг даргын орлогч М.Түвшинжаргалаар ахлуулсан ажлын хэсэг тоног төхөөрөмжийг үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэгээр олгох түр журам боловсруулсныг өнөөдөр зөвлөлийн гишүүдэд танилцуулж хэлэлцүүллээ. Зөвлөлийн хуралдаанаар журмын зарим зүйл заалтыг холбогдох хуульд нийцүүлэхээр болов. “Жишиг эко баг”, “Жишиг баг” төслөөр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, ажлын байраар хангах бол “Смарт эзэд” хөтөлбөр, “Үйлдвэрлэгч баг” төсөл нь бизнес эрхлэгчдийг дэмжих юм. Төслийн нийт өртөг 4.6 тэрбум төгрөг байх бөгөөд үр дүнд нь Орхон аймагт 1000 иргэн ажлын байртай болж өрхийн орлого нэмэгдэх, бүтээгдэхүүн үйлчилгээ кластераар хөгжих гэх мэт олон үр дүн гарна гэж үзэж байна.
Мөн өрхийн тариалан эрхлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр хүлэмж олгох асуудлыг хэлэлцэв. Аймгийн ИТХ-ын 2021 оны долоо дугаар сарын 1-ний өдрийн тогтоолоор “Өрхийн тариалалтыг дэмжих” хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөрийн зорилго нь төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих замаар төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын хэрэгцээг жилийн турш тогтвортой хангах юм. Хөтөлбөрийн хүрээнд Засаг даргын 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн А/180 тоот захирамжаар тариалан эрхлэгчдэд төмс хүнсний ногооны үр, хүлэмжийг дэмжлэгээр олгох журам батлагдсан. Уг журмын 1.4-т хөгжлийн бэрхшээлтэй иргэн, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхөд 100 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр хүлэмж олгох асуудлыг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ гэж заасан. Үүний дагуу өрхийн тариалалт эрхэлдэг хөгжлийн бэрхшээлтэй болон амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой нэр бүхий таван иргэнд хүлэмж олгох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Түүнчлэн Засаг даргын зөвлөлийн XII хуралдаанаар...
-“Малын эрүүл мэнд” хөтөлбөрийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай,
-“Анхдагч” хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийн тайлан,
-“Ач санах” хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийн тайлан,
-Аймгийн боловсролын салбарыг 2021-2024 онд хөгжүүлэх хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийн тайлан,
-“Багш” хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийн тайлан,
-“Эх хэл-Эрдэнэт” хөтөлбөрийн 2021 оны тайлангийн талаар холбогдох газар хэлтсүүд танилцуулж, хэлэлцүүллээ.
Өнгөрсөн онд хэрэгжүүлсэн тайлангуудын хэрэгжилт, үр дүнгийн талаар эргэн мэдээлэх болно.
Эх сурвалж: Орхон аймгийн ЗДТГ Мэдээллийн төв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.