ОРХОН АЙМАГ, ЭРДЭНЭТ ХОТЫН НИЙТИЙН ТЭЭВЭР ЦАХИМ ТӨЛБӨРИЙН СИСТЕМД ШИЛЖИНЭ
Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, хурдан шуурхай, тав тухтай болгох талаар бид “Цахим Эрдэнэт” хөтөлбөртөө тусган, хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Үүний нэг нь Улаанбаатар хотын “СИМ” ХХК-тай хамтран “Эрдэнэт” хотын нийтийн тээврийн үйлчилгээг цахимжуулах “EPASS” төслийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлүүлсэн ажил юм. Төслийн баг хамт олон Согоот багийн 6.1-ийн автобусны буудал дээр иргэдэд мэдээлэл өгөх өдөрлөгийг зохион байгуулсан. СИМ” ХХК 590 орчим сая төгрөгийн өөрийн хөрөнгөөр уг төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Эрдэнэт хот дотор үйлчилгээнд явдаг 40 автобусанд карт унших төхөөрөмж, дэлгэц суурилуулаад байна. Мөн 20 автобусны буудал дээр мэдээллэх самбар байршууллаа. Ингэснээр ирэх сарын дундаас Орхон аймаг, Эрдэнэт хотын нийтийн тээвэр цахим төлбөрийн системд 100 хувь шилжих боломжтой болоод байна.
Эхний ээлжинд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй зорчих бөгөөд өнөөдрийн байдлаар 5000 цахим картыг ХХҮГ-тай хамтран багуудаар тараах ажлыг зохион байгуулж байна. Дээрх иргэдэд цахим төлбөрийн картыг нэг удаа үнэгүй олгох бөгөөд хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд 3000 төгрөгөөр худалдан авна.
Цаашид аймгийн хэмжээнд зах, худалдааны төвүүд болон гэр хорооллын 10 гаруй байршилд карт цэнэглэх КИОСК машин суурилуулагдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.