Косианы нэрэмжит залуу хийлчдийн олон улсын уралдаанд амжилттай оролцсон сурагчдад мөнгөн шагнал гардууллаа
Чехийн алдарт хийлч Яраслов Косианы нэрэмжит 64 дэх удаагийн мэргэжлийн хийлчдийн уралдаанд:
-
1-р байр эзэлсэн Консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн 5-р ангийн сурагч А.Хулан,
-
3-р байр эзэлсэн мөн сургуулийн сурагч Н.Гүнзээ,
-
3-р байр эзэлсэн мөн сургуулийн сурагч Б.Насанжаргал нарт “Олон улсын уралдаанд амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох” Засгийн газрын тогтоолын дагуу батламж гардуулж, мөнгөн шагнал олголоо.
Чехийн алдартай хийлч Яраслов Косианы сангаас 1959 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдсан тэмцээнд зөвхөн мэргэжлийн уран бүтээлчид өрсөлддөг бөгөөд 64 дэх удаагийн уралдаанд 13 орноос 16 хүртэлх насны сурагчид оролцсон юм.
А.Хулан, Н.Гүнзээ нарын мэргэжлийн багш Д.Галбадрах 2002 онд Хөгжим Бүжгийн Коллежийг төгссөн бөгөөд Швед улсын Хааны хөгжмийн их сургууль, АНУ-ын Бостон хотын Консерваторыг төгсөж ирээд 2017 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Консерваторын хийл хөгжмийн багшаар ажиллаж байна.
Сурагч Б.Насанжаргалын мэргэжлийн багш Ж.Энхтуяа нь 1988 онд ЗХУ-ын Свердловск хотын Уралын Хөгжмийн дээд сургуулийг төгсөөд өнөөг хүртэл хийл хөгжмийн багшаар ажиллаж байгаа бөгөөд шавь нараа дотоодын болон олон улсын тэмцээнд амжилттай бэлтгэн оролцуулахаас гадна Монгол, ОХУ, БНСУ, Италид болсон олон улсын хийлчдийн уралдаанд удаа дараа шүүгчээр уригдан ажиллаж байсан туршлагатай багш нарын нэг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.