Томуугийн дархлаажуулалтыг ӨЭМТ-үүдээр хийж байна
Аймгийн хэмжээнд энэ сарын 21-нээс томуугийн эсрэг вакцинжуулалт эхэлсэн. Энэ жил Бүгд Найрамдах Солонгос Улсын Грийн кросс үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг А, В хүрээний хэв шинжийг агуулсан дөрвөн цэнт вакциныг татан авснаас Орхон аймаг 13 мянга орчим хүн тун вакцины таталт хийжээ.
Томуугийн эсрэг вакциныг томуугийн өвчлөлд өртөмхий, 65-аас дээш насны, архаг хууч өвчтэй хүн ам,эрүүл мэндийн ажилтан, 6 сараас 5 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр харьяа сум, Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд хийж байна.
Цэцэрлэгийн насны хүүхдүүдэд вакцин хийхийн өмнө эцэг, эх, асран хамгаалагч нарт вакцины талаарх мэдээллийг хүүхдийн байгууллагаар дамжуулан өгч, тухайн хүүхэд сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн болон товлолын бусад вакцинд хамрагдаагүй, аливаа нэг халдварт өвчнөөр өвдөөгүй болохыг баталгаажуулан эцэг эхийн зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зуруулсны үндсэн дээр түр цэг байгуулан вакцинжуулж байна гэх мэдээллийг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээ өглөө.
Бусад 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн, эрүүл мэндийн ажилтнууд харьяа эрүүл мэндийн байгууллага болон ӨЭМТ-ийн дархлаажуулалтын нэгжүүдээр вакцинаа хийлгэнэ.
Өнөөдрийн байдлаар 1000 гаруй хүүхэд томуугийн эсрэг вакцин хийлгэжээ. Амралтын өдрүүдэд өдөрт 150-200 хүүхэд Хүүхдийн хүлээн авах тасгаар үйлчлүүлсний 3-5 хувь нь хэвтэн эмчлүүлсэн байна. Иймд эцэг, эхчүүдийг хүлээн авах дээр бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарч Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хандахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөв.
Учир нь бөөгнөрөл үүссэн газраас хүүхэд шинээр халдвар авах, хүндрэх эрсдэл бийг санууллаа.
Өнөөдрийн байдлаар 55 ортой Хүүхдийн тасагт 92 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 100 орыг нэмэлтээр дэлгэжээ.
Тиймээс эцэг, эхчүүд томуугийн цар тахлын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс мэргэжлийн эмчийн зөвлөгөө, зөвлөмжийн дагуу үр хүүхдээ дархлаажуулалтад бүрэн хамруулж, томуугийн өвчлөл хүндрэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.
Орхон аймгийн ЗДТГ-ын Мэдээллийн төв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.