НҮБ-ын Хүүхдийн сан, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар 2037 он хүртэл хэрэгжих харилцан ойлголцлын гурван талт санамж бичиг байгууллаа
Санамж бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улс дах НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал нар үзэглэлээ.
Тус санамж бичиг нь Орхон аймгийн агаарын чанарыг сайжруулах, эко ногоон хот болгож, хүлэмжийн хийг тэглэхэд үйл ажиллагаа нь чиглэнэ. Түүнчлэн гэр бүл, хүүхдийн эрх, хөгжил хамгаалал, сурч боловсрох орчныг сайжруулах, хүүхэд эмэгтэйчүүд, жендерийн ойлголтыг нэмэгдүүлэх зэрэг салбар бүрт чиглэсэн олон талт арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах юм.
Санамж бичигт тусгагдсан онцлох ажлуудаас дурдвал:
Эрүүл мэндийн чиглэлээр – хүүхдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулах, олон найрлагат бичил тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх
Боловсролын салбарт – Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн аюулгүй байдал, дасан зохицох байдлыг сайжруулахын тулд сургуулийн орчныг стандартад нийцүүлэх, сургуулийн өмнөх боловсролын багш нарын чадавхийг хөгжүүлэх, Цахим боловсролыг хөгжүүлэх, өсвөр насны хөгжил оролцоог нэмэгдүүлэх
Хүүхэд хамгааллын чиглэлээр – хүүхэд хамгаалал нийгмийн үйлчилгээний ажилтнуудын чадавхийг нэмэгдүүлэх, хүүхдийн эсрэг үйлдэгддэг цахим болон оффлайн хүчирхийллийн талаар мэдлэгийг нэмэгдүүлж хандлага зан төлөвийг өөрчлөх
Ус, ариун цэвэр, эрүүл ахуй, уур амьсгалын өөрчлөлт – Стандартын шаардлага хангасан ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж бүхий үйлчилгээнд хамрагдсан хүн амын эзлэх хувийг нэмэгдүүлэхэд орон нутагт дэмжлэг үзүүлэх, Монгол гэрийн дулаагга халаалтын бүтээгдэхүүнийг гэр амьдардаг айл өрхүүдэд нэвтрүүлэх, нүүрс хүчлийн хийн ялгарал багатай технологи нэвтрүүлэх төслийг хамтран хэрэгжүүлэх зэрэг 20 гаруй арга хэмжээ тусгагджээ.
Орхон аймаг нь хөгжлийн тэргүүлэх чиглэл, санаачилга, төлөвлөлтийг Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөр, Тогтвортой Хөгжлийн Зорилтууд 2030, Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг -“Алсын хараа 2050” болон Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэхэд ихээхэн анхаарч буй тул 21 аймгаас сонгон энэхүү санамж бичгийг байгуулж байгаа гэдгийг талууд онцолж байлаа.
Орхон аймгийн ЗДТГ Мэдээллийн төв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.