Дүрэм, журмын дагуу материалаа бүрдүүлж ипотекийн зээл хүссэн иргэнд зээл олгох боломжтой
“Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн санхүүжилтээр Уртын гол багт баригдаж буй 260 айлын орон сууцны 186-г нь иргэдэд худалдан борлуулах шийдвэрийг аймгийн ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаанаас гаргасан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй арилжааны 7 банкны удирдлага болон Монголбанкны Орхон аймаг дахь салбарын захиралтай уулзаж санал солилцлоо.
Банкны удирдлагууд “Орлогод нийцсэн орон сууцны төсөл”-ийг дэмжиж ажиллахаа илэрхийлэн дүрэм, журмын дагуу материалаа бүрдүүлж ипотекийн зээл хүссэн иргэнд зээл олгох боломжтой гэдгээ илэрхийлэв. Мөн ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг гарч Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа юм байна. Уг журамд урьдчилгаа 30 хувийг 20 хувь болгох, 6 хувийн хүүг тодорхой хугацааны хязгаартайгаар 3 болгож бууруулах гэх мэтчилэн хэд хэдэн өөрчлөлт орж байгаа, Засгийн газрын хуралдааны шийдвэрийг хүлээж байна гэх мэдээллийг өглөө.
Орхон аймгийн 4200 гаруй иргэн 207,1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн үлдэгдэлтэй байгааг бусад аймаг орон нутагтай харьцуулбал хамгийн өндөр үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, Орхон аймагт ипотекийн зээл хамгийн ихээр олгогдож буй аймаг гэж Монголбанкнаас мэдэгдлээ. Энэ оны аравдугаар сарын байдлаар орон сууцны ипотекийн 6 хувийн зээлийг 101 иргэнд олгосон байна. Мөн энэ сарын 2-ны өдрийн байдлаар Орхон аймагт 423 иргэн 37,4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн хүсэлт гаргасан байна. Зээлийн зөвшөөрөл нь гарсан боловч Монголбанкнаас санхүүжилт нь орж ирээгүй 48 зээлдэгч байна гэх мэдээллийг өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.