ЭРДЭНЭТИЙН ХҮҮХДҮҮД ЦАНЫН СПОРТООР БАГААСАА ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА
Спорт цогцолборын “Сархи” байгалийн чийрэгжүүлэлтийн хэсэг нь Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсад төдийгүй Орхон аймгийн иргэд, хүүхэд залуучуудыг өвлийн спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. 2023 оны 02 дугаар сард Монголын бүх ард түмний өвлийн спортын XVI наадам, Монголын хүүхдийн спортын VII наадмын өвлийн төрлүүдийг Орхон аймагт зохион байгуулах болсонтой холбогдуулан цанын баазын хамт олон аймгийн Биеийн тамир спортын газартай хамтран ажиллаж, зам, талбайн бэлтгэлийг хангаж эхэлжээ. Ингэхдээ өндрөөс буулттай цанын гурван замыг ашиглалтад оруулаад байна.
Цэвэр агаарт спортоор хичээллэх нь хүүхдийн бие бялдрыг чийрэгжүүлж, уушгины багтаамжийг тэлэх ач тустай тул “Сархиа” цанын баазын хамт олон сүүлийн жилүүдэд цанаар хичээллэх сонирхолтой хүүхэд багачуудад зориулан секц хичээллүүлж байгаа талаар Ахлах арга зүйч Б.Ариунболд ярьж байна. Өнгөрсөн оны тухайд цанын баазад өглөө болон өдрийн ээлжинд 50 гаруй хүүхэд цэвэр агаарт спортоор хичээллэн, чөлөөт цагаа өнгөрүүлжээ. Энэ хичээлийн жилийн улирлын амралт эхэлсэн тул цанын секцэнд бүртгэл авч эхэлсэн талаар мэдээллээ. Цанын секц нь уулын болон гүйлтийн цана төрлөөр, долоо хоногийн 3 өдөрт, өглөө болон өдрийн ээлжинд хичээллэх юм.
Дашрамд сонирхуулахад, Монголын цанын холбоо, “Скай ресорт” цанын бааз, БНСУ-ын Цанын холбоо хамтран зохион байгуулсан өсвөрийн тамирчдын тэмцээнд цанын секцэнд хичээллэдэг 2 хүүхэд шалгарч, 14 хоногийн хугацаатай БНСУ-д бэлтгэл сургуулилт хийхээр болжээ. Эх сурвалж: ErdenetToday.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.