Корнхолын спортыг Эрдэнэтэд хөгжүүлнэ
Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын хамт олон үйлчлүүлэгчдийнхээ хүрээг тэлэх, үйлдвэрийн ажилчдын эрүүл мэндийг дэмжих чиглэлээр спортын шинэ төрлүүдийг дэлгэрүүлж, хөгжүүлж, оролцоог нь хангаж ирсэн. Энэ уламжлалын дагуу 2023 онд дэлхий нийтэд хурдацтай хөгжиж буй корнхолын спорт тоглоомыг хөгжүүлэх бүх бэлтгэлээ хангажээ. Үйлдвэрийн газрын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энхийн баталсан удирдамж, чиглэлийн дагуу анхны тэмцээн энэ сарын 29-нд болох ажээ. Олон улсын эв санааны нэгдлийн өдрийг тохиолдуулан зохиож буй уг тэмцээнийг бүх бүтцийн нэгжийн удирдах ажилтан, биеийн тамирын арга зүйч, цехийн идэвхтэй хичээллэгч гэсэн гурван хүний бүрэлдэхүүнтэй багийн төрлөөр зохион байгуулах юм. Спорт цогцолборын дарга Ш.Даваахүү, тэмцээнд идэвхтэй оролцохыг уриалж, спортын энэ төрөл Эрдэнэт үйлдвэрт өндөр хэмжээнд хөгжинө гэдэгт итгэлтэй байгаа гэв. Энэ спорт нь мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар нийтийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн чиглэлээр хөгжүүлэхэд маш үр дүнтэй. Мөн хэрэглэгдэхүүн нь энгийн, авсаархан, олныг хамруулж болох спорт гэж үнэлэгджээ. Спорт цогцолборынхон бүх хэрэглэл материалыг дотоод нөөц бололцоогоо ашиглан хийжээ. Уг тоглоомын хэрэгсэл нь 15 см-ийн голчтой нүх бүхий 120х60 см-ийн хэмжээтэй тавцан. 400-450 гр жинтэй, 15х15 см-ийн хэмжээтэй богц байх аж. Хоёр багийн тавцан хоорондоо 8 метр, эхлэн хичээллэгч болон хүүхдүүдийнх 6 метрийн зайтай байх аж. Өрсөлдөгч тус бүр 4, нийт 8 богцыг ээлжлэн шидэж дууссанаар тухайн үе төгсөх юм. Богц нүхэнд орвол гурван оноо, тавцан дээр үлдвэл 1 оноо авна. Түрүүлж 21 оноо авсан нь хожих аж. Уг тоглоом нь хөдөлгөөний эвсэл, баримжаа, хараа сайжруулах ач холбогдолтой. Мөн хаана ч тоглож болохоороо онцлогтой юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.