ДЭЛХИЙГ ТОЙРОН АЯЛЖ БУЙ ЯПОН ХҮҮХЭЛДЭЙН “НИНГЁО” ҮЗЭСГЭЛЭН
Япон сан болон Японы Элчин Сайдын Яамнаас зохион байгуулж буй "Япон Хүүхэлдэйн үзэсгэлэн” Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ.
Япон хэлээр “Хүний хэлбэр” гэсэн утгыг илэрхийлдэг “НИНГЁО” гэх нэртэй уг үзэсгэлэн нь “Баяр ёслолын хүүхэлдэй”, “Урлагийн хүүхэлдэй”, “Эгэл ардын хүүхэлдэй”, “Хүүхэлдэйн соёл дэлгэрсэн нь” хэмээх 4 бүлэгт хуваагдана. Түүхийн явцад баяжиж ирсэн Японы хүүхэлдэйн соёлыг нийт 67 шилмэл үзмэрээр дамжуулан толилуулж байна.
“Баяр ёслолын хүүхэлдэй” (Хүүхдээ эрүүл энх өсөж торнихыг хүсэх хүүхэлдэй) - Японы хүүхэлдэйн түүхийн мөрөөр судлан үзвэл муу зүйлийг хөөн зайлуулах эртний зан үйлд хөтлөн аваачдаг. Гамшиг ослоос сэргийлж, эрүүл энх, аз жаргалтай амьдралыг хүссэн зан үйл нь яваандаа төрсөн хүүхдийнхээ эрүүл саруул өсөж торнихыг хүсэн ерөөх “Сэккү” хэмээх баяр болж хувирсан байна. Үзэсгэлэнгийн эхний бүлэгт япон хүүхэлдэйн эх загвар гэгддэг “Каташиро”, “Амагацү”, “Хооко” зэргээс гадна “Сэккү” хэмээх баяр ёслол, зан үйлийн хүүхэлдэй “Дайрибина”, “Момотаро” зэргийг танилцуулжээ.
“Урлагийн хүүхэлдэй” - Хааны ордныхон болон бусад ихэс дээдсийнхний хувьд нарийн ур хийцтэй япон хүүхэлдэйг илүүтэй сонирхдог байв. Гол төлөв харж баясах зориулалттай, нарийн хийцтэй урласан хүүхэлдэй олноор бий болж түүндээ баярын дүр төрхийг шингээн чимэглэдэг байсан. Үзэсгэлэнгийн энэ бүлэгт “Гошо нингёо”, “Сага нингёо”, “Ишёо нингёо” хүүхэлдэйг танилцуулжээ.
“Эгэл ардын хүүхэлдэй” - Энгийн ард иргэдийн дунд ч гар доорх материал ашиглан хийх хүүхэлдэйн урлал газар бүрд цэцэглэн хөгжиж үлгэр домгийн болоод нутаг бүрийн онцлог бүхий хүүхэлдэй бий болж өнөөг хүртэл уламжлагдаж иржээ. Энгийн бөгөөд эгдүүтэй “Обата нингёо”, “Имада нингёо”, “Миёши нингёо” зэрэг хүүхэлдэй эгэл ардын хүүхэлдэйг төлөөлөх аж.
“Хүүхэлдэйн соёл дэлгэрсэн нь” - Урлагийн нэг салбарт тооцогдох шинэ хийц бүхий хүүхэлдэй, хувцсыг нь сольж өмсгөх боломжтой загварын хүүхэлдэй, анимэ дүрийн хүүхэлдэйг үзэсгэлэнгээс мөн харах боломжтой. Үүнд “Ичимацү нингёо”, “Бүнракү нингёо”, “Ошиэ хагоита”, ”Соосакү нингёо”, “Рика чан нингёо” зэргийг танилцуулжээ.
Үзэсгэлэн 2023.04.19- 2023.05.09-ийг хүртэл үргэлжлэх бөгөөд өдөр бүр 09:00-18:00 цагт олон нийтэд нээлттэй толилуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.