“СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023” АЯНЫ ХҮРЭЭНД "МОНГОЛЫН ШИЛДЭГ УРАН ЗУРГУУД" ҮЗЭСГЭЛЭН ОРХОН АЙМАГТ ДЭЛГЭГДЛЭЭ
Орон нутагт зохион байгуулагдаж буй энэхүү аяны хүрээнд Монголын уран зургийн галерейн хамгийн сор дээж болсон бүтээлүүдийн үзэсгэлэн Эрдэнэт хотын Хүүхэд залуучуудын театрт өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн ёслолд Соёлын дэд сайд М.Батбаяр, Монголын уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа нар үг хэллээ. Мөн Соёлын яамны урлаг уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, Монголын урчуудын хорооны дарга Б.Ганбат, Орхон аймгийн СУГ-ын дарга А.Уранчимэг болон Орхон аймгийн зураач урчуудын холбоо, уран бүтээлчид, албаны бусад хүмүүс оролцлоо.
Тус үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагааны үеэр Орхон аймгийн 150 орчим иргэн ирж үзэсгэлэнг үзэж сонирхож байв.
Монголын уран зургийн галерейд нийт 4000 гаруй бүтээл байдгаас энэ удаа хамгийн шилдэгт тооцогдох 30 хосгүй бүтээл дэлгэгдсэн бөгөөд энэ сарын 15-ны өдрийг дуустал 5 хоног үргэлжлэх юм.
Энэ үеэр ЕБС-ийн 9-12 дугаар ангийн хүүхдүүдийн дунд зарласан “Миний мөрөөдлийн хот” сэдэвт хүүхдийн гар зургийн уралдааныг дүгнэж шилдэг 3 бүтээлийг туурвисан сурагчдад шагналыг гардууллаа.
Тус уралдааны тэргүүн байрт шалгарсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар сургуулийн 12 Б ангийн сурагч Э.Санчирт Соёлын дэд сайд М.Батбаяр шагналыг нь гардууллаа. Тус сурагч Соёл урлагийн их сургуулийн Дүрслэх урлагийн академид элсэн суралцах эрхийн бичгээр шагнуулсан юм.
Удаах байрт шалгарсан Баян-Өндөр сумын 11 А ангийн сурагч Б.Болорчимэг Уран зургийн галерейн танхимд 3 хоногийн турш үзэсгэлэнгээ гаргах эрхийн бичгээр шагнууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.