“МАРКНЫ ЗУРАГ” ИЛТГЭЛ УНШИХ ХЭМЖЭЭНИЙ ӨРГӨН МЭДЭЭЛЛИЙГ АГУУЛЖ БАЙДАГ
Манай улс нийт 4300 орчим марк гаргасны 3000 нь надад байна хэмээн ам бардам ярьж, өөрийн үнэт өвөөрөө бахархан суугаа Б.Мажинбуу 1960 оноос эхлэн марк цуглуулжээ.
Түүний цуглуулгаас хамгийн нүд баясгаж хараа булаах нь уран тансаг байгаль, цэлмэг хөх тэнгэр, уудам Монгол орныг дүрсэлсэн уран зураг шиг эх орны сэдэвтэй маркууд байлаа.
Эх орны сэдэвтэй маркуудыг нь жуулчид ихэд сонирхож, маркаар дамжуулан Монголын түүхийн их жимээр аялдаг байна.
Манай улс анх 1924 онд марк гаргасан бол түүний цуглуулгад 1926 оны “Соёмбо” нэртэй марк бий. Мөн Дэлхийн бүртгэлд ороогүй Номхон далайн сүүлчийн арал улсын маш ховор марк ч олон жил нямбайлан хадгалсан цуглуулгад нь багтжээ.
Б.Мажинбуу: Марк бол танин мэдэхүйн маш том хэрэгсэл. Тухайн марканд тусгагдсан зүйлийн түүх, үүсэл гарвал, учир утга хүмүүст их өргөн мэдлэг олгодог. Тийм ч учраас би дунд сургуулийн түүх, нийгмийн багш нар, нийгмийн ажилтнуудад маркаар дамжуулан сургалт явуулахыг зөвлөдөг.
Маркан дахь зургийг тайлбарлавал бараг тухайн сэдвээр лекц ч болох талтай. Ингэснээр сурагчийн төдийгүй багшийн мэдлэгийг өргөжүүлдэг. Мөн урлагийн бүтээл учир, урлаг, гоо зүйн хүмүүжил, мэдрэмжийг ч хөгжүүлнэ гэж хуучилж байлаа.
Марк бол соёлын үнэт өв. Энэ үнэт өвийг өөрийн төрсөн үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээхээс илүү олны анхааралд хүргэж мянга мянган залууст танилцуулахыг чин сэтгэлээсээ хүссэн Б.Мажинбуу гуай Маркны музей байгуулахаар зэхэж буй.
Тэрээр Маркуудаа сэдэвчлэн дөрөв ангилж, 300 гаруй үзмэр бий болгоод байна.
“Мөнх тэнгэрийн хүчин дор Мандан бадарсан Монгол мину”. Энэ сэдэвт Хүннү, Их Монгол улс, Эзэнт гүрэн, Чингис хаан, түүний залгамжлагчдын тухай маркууд орсон байна.
“Мөнх тэнгэрийн хүчин дор Мөнхөд орших тусгаар тогтнол мину”. Энэ нь 6 дэд сэдэв, 60 орчим үзмэртэй, 500 орчим маркаас бүрдсэн.
“Дэлхийн тавцанд дэвшин хөгжиж буй Монгол минь” сэдвийн дор Монгол орны гадаад бодлого, олон улсын түвшинд улс төр, нийгэм, эдийн засаг, дипломат үйл ажиллагаа, энх тайван, найрамдалт харилцаа, шинжлэх ухаан, соёл урлаг, спортыг харуулжээ.
“Миний төрсөн нутаг Монголын сайхан орон мину” хамгийн өргөн сэдвийг хамарсан хамгийн олон тооны марк энэ бүлэгт багтсан байна.
Маркны өнгө, үзэмж, урлаг хийц талаасаа их сонирхол татдаг. Маркны зургийн цэг, зураас болгон утга учиртай, түүх өгүүлдэг учраас УРЛАГИЙН БҮТЭЭЛ, ТҮҮХ СОЁЛЫН ҮНЭТ ӨВ ТЭЭГЧ БОЛДОГ БИЛЭЭ. #СОЁЛЫН_СЭРГЭЛТ ОРХОН АЙМАГТ 2023
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.