“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ДОТУУР БАЙРЫГ БОЛОВСОН АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨТЭЙ БОЛГОХОД ШААРДАГДАХ 100 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ҮЕ ШАТТАЙГААР САНХҮҮЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Засгийн газраас төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлыг хэрэгжүүлэх, уг төслийн санхүүжилтийг хоёр жилийн өмнө “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлэхээр бослон.
XXI зууны Монголд нүхэн жорлонтой 300 гаруй цэцэрлэг, 400 гаруй сургууль, 250 гаруй дотуур байр бий. Энд 7000 орчим хүүхэд аюултай, айдастай, суурь өвчтэй болох эрсдэлтэй орчинд бие засдаг гэсэн судалгаа байдаг. Эрдэнэт үйлдвэрийн санхүүжилтээр хэрэгжиж буй үндэсний хэмжээний уг төсөл амжилттай бүрэн хэрэгжсэнээр нийт 18 аймгийн 267 сумын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн шаардлагад нийцсэн ариун цэврийн 853 байгууламжаар сольж, хүүхдүүд үр дүнг нь хүртэх юм гэж Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир мэдээлэлдээ онцолсон.
Одоогоор 174 объектыг ашиглалтад хүлээн авсан, 38 объект Улсын комисс хүлээн авахад бэлэн болжээ. Харин 95 объектын барилга угсралт ид явагдаж байгааг мэдээллээ. Одоо III ээлжийн 17 аймгийн 129 сумын сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох зургийн тендер зарлаад байна. Зураг бэлэн болсон тохиолдолд 14-31 хоногт барилга угсралтын ажлыг гүйцэтгэдэг гэж Төслийн зөвлөх инженер Г.Цэрмаа танилцууллаа.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон: “Бид нэгэнт эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэхийг зорьж байна. Ашиглалтын тал дээр нь илүү анхаарал хандуулаарай. Үр дүнгүй хөрөнгө оруулалт, үхмэл хаямал байгууламж болох вий...” гэдгийг сануулж анхааруулаад уул уурхайн үр өгөөж иргэдэд хүрч буй нэгэн хэлбэр учраас үр дүнг илүү чухалчилж байгаагаа илэрхийлэв. Эх сурвалж: ErdenetToday.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.