“БАЯНБУЛАГ БАГИЙН ХӨГЖИЛ” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА НЬ ОРХОН АЙМГИЙН 27-Р ЦЭЦЭРЛЭГ БОЛОН БОЭТ-ИЙН ХҮҮХДИЙН ТАСАГТ ХҮҮХДИЙН ОР БЭЛЭГЛЭЛЭЭ
Тус төрийн бус байгууллага нь үүсгэн байгуулагдаад 12 жил болж байгаа бөгөөд тогтмол Орхон аймгийнхаа хэмжээнд сайн үйлсийн аянуудыг зохион байгуулж хэрэгтэй газарт нь хэрэгтэй тусламж дэмжлэгийг үзүүлсээр ирсэн. Энэ жилийн тухайд “Баянбулаг багийн хөгжил” ТББ-ын тэргүүн Р.Улаанхүүгийн санаачилгаар шинэ жилийн баяр тэмдэглэх санхүүжилтээрээ хүүхдэд чиглэсэн сайн үйлсийн ажил хийхээр болжээ. Энэ хүрээнд “Баянбулаг багийн хөгжил” ТББ нь Отгонцэцэг захиралтай “Тунамал энгүүмэл” компанитай хамтран Орхон аймгийн Баянбулаг багт үйл ажиллагаагаа явуулдаг хөгжлийн ялгаатай хүүхдийн 27-р цэцэрлэг болон БОЭТ-ийн Хүүхдийн тасагт хүүхдийн ор бэлэглэлээ.
Орхон аймгийн 27-р цэцэрлэгийн эрхлэгч Г.Батцэцэг: “Баянбулаг багийн хөгжил” ТББ-ын хамт олонд маш их баярлалаа. Нийгэмд тустай үлгэр дуурайлал болсон хүүхдэд чиглэсэн арга хэмжээ хийж байгаа та бүхэндээ маш их баярлаж байна. манай цэцэрлэг бол Баянбулаг багтаа ганц цэцэрлэг. Энэ хичээлийн жилд 15 хүүхэд хүлээж авч ажиллаж байна. бидэнд тодорхой хэмжээнд орны хүрэлцээ бага байсан. Энэ хэрэгцээг маань хангаж ор бэлэглэж, хүүхдүүд ая тухтай байх орчин нөхцөлөөр хангаж өгч байгаа та бүхэнд маш их баярлалаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Баянбулаг багийн хөгжил ТББ-ын тэргүүн Р.Улаанхүү: Бид баяр тэмдэглэж үргүй хоосон зардал их гаргадаг. Олон баяр тэмдэглэж байхаар гэж бодон бид шинэ жилийн баяраа хийхгүйгээр тэр мөнгөөрөө хүүхдүүдэд бага ч болов хэрэг болох зүйл хийх хэрэгтэй гэж шийдэж энэ сайн үйлсийн аяныг өрнүүлсэн. Өнөөдрийн байдлаар БОЭТ-ийн Хүүхдийн тасаг бол ханиад томууны ид дэгдэлтээс шалтгаалан ачаалал их байгааг эм нар хэлж байна. яг ийм хэрэгцээтэй үед нь жижигхэн ч гэсэн тус болж чадсан болов уу гэж бодож байна.
Тус төрийн бус байгууллага нь 12 жилийн хугацаанд 64 сайн үйлсийн аян болон бүтээлч ажлуудыг хийгээд байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.