ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨҮГ-ЫН БАЯЖУУЛАГЧИД ХӨДӨЛМӨРИЙН АВАРГУУДАА ТОДРУУЛЛАА
Баяжуулах үйлдвэрийн хамт олон XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийг баярыг тохиолдуулан үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтыг биелүүлэхэд идэвх санаачилгатай, хамт олноо манлайлан ажилласан Хөдөлмөрийн аваргуудаа өнөөдөр тодруулж, хүндэтгэл үзүүллээ.
Баяжуулах үйлдвэрийн захиргаа Үйлдвэр техникийн товчооны ээлжийн дарга Ш.Гансайхан, Бутлан тээвэрлэх хэсгийн конвейерийн машинч К.Эрдэнэцэцэг, цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин О.Энхболд, тоног төхөөрөмжийн засварын механикч Д.Батсайхан, Өөрөө нунтаглах хэсгийн бутлуурчин Ё.Авирмэд, тээрмийн машинч А.Отгонбаатар, Нунтаглан баяжуулах хэсгийн хөвүүлэн баяжуулагч Ш.Батмаа, тээрмийн машинч Б.Шинэбаяр, баяжуулалтын технологич К.Заманбек, насосны машинч И.Самбуу, Шүүн хатаах хэсгийн шүүлтүүрчин Г.Сарантуяа, оосорлогч С.Отгонбаяр, гүүрэн кранчин С.Саранцэцэг, Урвалжийн хэсгийн ээлжийн мастер Д.Ширмэнбаатар, Хаягдлын аж ахуйн хэсгийн насосны машинч И.Ган-Эрдэнэ, Засварын хэсгийн цахилгаан ба хийн гагнуурчин Б.Пүрэвдаваа, тоног төхөөрөмжийн засварчин С.Баянбаатар, Өргөн тээвэрлэх машин механизмын хэсгийн засварчин Ц.Энх-Отгон, Маханик боловсруулалт, бигнүүрийн хэсгийн токарьчин Н.Ганбат, Аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны үйлчлэгч Ч.Баярмаа нарыг “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн Хөдөлмөрийн аваргаар өргөмжилж, “Хүндэт самбар”-т зургийг нь байршуулан алдаршуулахаар шийдвэрлэж, нэг сая төгрөгөөр урамшуулав.
Хөдөлмөрийн аваргуудад хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд оролцож, Баяжуулах үйлдвэрийн хамт олон Усан туулай жилийг ажил хөдөлмөрийн өндөр амжилтаар үдэж буйг онцлон баяр хүргээд, хүчирхэг Луу жилд хүн бүрийн ажил, амьдрал өрнүүн, өөдөө байхыг хүсэн ерөөв.
Эх сурвалж: ErdenetToday.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.