ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ, НАЙЗ НӨХӨРЛӨЛӨӨ БАТАТГАЯ JCI
Эрдэнэт салбар байгууллага 2024 оны 3 дугаар 23-нд нийт гишүүддээ зориулан Хувь хүний хөгжил, найз нөхөрлөлийн харилцааг бататгах, нэмэгдүүлэх зорилго бүхий гурван төрлийн сургалт явууллаа. Сургалтын эхэнд “JCI Эрдэнэт салбар”-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Намуун Мандала будах дасгал ажиллаж, оролцогчдод сэтгэл зүйн хөнгөн оношилгоо хийв. Улмаар “Эерэг хандлага, эерэг харилцаа” сэдвийн хүрээнд илтгэлээ танилцуулж оролцогчдод өөрийгөө болоод бусдыг ойлгох боломжийг зөвлөсөн юм. Өөрөөр хэлбэл, нийгмийн харилцаанд харилцан адилгүй хүмүүс нэгнээ хүлээн зөвшөөрөн, амжилттай оролцох хэрэгцээ, шаардлага тулгардаг байна. Тиймээс аливаа харилцаанд оролцоход бэлэн байх нэн тэргүүний шаардлага нь өөрийгөө ойлгож хүлээн зөвшөөрөх чадвар аж. Бусдыг болоод өөрийгөө ойлгоход туслах гурван алхам байдаг гэнэ. 1. Долоо хоногийн турш сэтгэл хөдлөлөө ажигла 2. Зохиомол нөхцөл байдал үүсгэж хариу үйлдэл үзүүлэх дадлага хийх 3. Бусдыг ойлгох чадвараа сайжруулах дадлага хийх зэргийг дурдлаа. Мөн өөрийн бодит байдлаа хүлээн зөвшөөрч, сайжруулалт хийх алхам эрэлхийлэх, улмаар үүссэн эерэг хандлага, үнэ цэнээ хадгалж сурахыг зөвлөсөн. Дараагийн сургалтыг JCI Эрдэнэт салбар байгууллагын 2024 оны Дэд ерөнхийлөгч, JCI Монгол Академийн 4 одтой сургагч багш, Бямбасүрэнгийн Пүрэвтунгалаг танилцуулж, “JCI NETWORK” сэдвээр илтгэлээ. Хүний амьдрал баян, холбоо харилцаа амжилтын чухал баялаг гэж хэлж болох юм. Өөрөөр хэлбэл, Улстөр, нийгэм, бизнес болон эдийн засгийн бүхий л харилцаа нетворк дээр түшиглэн явагддаг гэхэд хилсдэхгүй. Тэгвэл хүн бүрт сошиал харилцаанаас эхлээд, ангийн, ажлын, шинэ жил зохион байгуулах комисс, эцэг эхийн зөвлөл, мэргэжлийн холбоо гээд албан эсвэл албан бус нетворкын гишүүн байдаг аж. Эдгээр харилцаа бүрийг хэрхэн амжилттай, итгэлтэй байлгаж, үр дүнд хүрэх арга барилд оролцогчид суралцлаа. Аливаа харилцааг амжилттай байлгахад мэдрэмжтэй усалгаа, харилцан итгэлцэх, өгөх авах ухаанд суралцах, зориг зүрх, багахан золиос шаарддаг болохыг ухаарах нь чухал аж. Заримдаа огт танихгүй хүнд ч туслах мэдрэмжийг аваад үзэхэд гэм үгүй гэнэ. Ирэх хариу нь гайхалтай байж, магадгүй өөрийгөө хэрэгцээтэй хүн гэдгээ мэдрэх юм. Төгсгөлд нь JCI Эрдэнэт салбар байгууллагын 2024 оны гишүүдийн хөгжил хариуцсан захирал, JCI Монгол академийн 2 одтой сургагч багш, Тойрог эдийн засгийн сургагч багш, ментор Ю.Саранчимэг “Тойрог эдийн засаг ба хүлэмжийн хий” сэдвээр илтгэлээ. Дэлхий дахинд Тойрог эдийн засаг ба тогтвортой байдлын ач холбогдол нь хамгийн ихээр тулгамдсан асуудал гэдгийг хөндөв. Хүрээлэн буй орчинд ээлтэй өсөлт дэвшил, ногоон хөгжил, тойрог эдийн засгийн зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад эцсийн хэрэглэгчид бид байгаль орчинд илүү ээлтэй хандлага, зан дадалтай болж өөрчлөгдөх нь чухал. Улмаар Монгол улсын төдийгүй дэлхий дахины цаашдын ногоон хөгжилд хувь нэмэр болох юм. Уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж, байгалийн нөөц шавхагдан, хөрс, ус, агаарын бохирдол, хүлэмжийн хийн асуудал аюулын харанга болон дэлдсээр буй энэ цаг үед бид нэн яаралтай амьдрах хэв маягаа өөрчилж, үр хүүхдэдээ онгон дагшин байгалиа өвлүүлэхэд анхаарах нь зүйтэйг сургагч багш онцоллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.