16 МЯНГАН ТӨМӨР ЗАМЧДЫН ЦАЛИН ЭНЭ ОНЫ 6-Р САРЫН 1 ЭЭС 10% НЭМЭГДЭНЭ
“Улаанбаатар төмөр зам” ХНН нийт ажилтнуудынхаа үндсэн цалинг энэ оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 10 хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Уг тушаалд “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Ирэх 6 дугаар сарын 6-ны өдөр тэмдэглэх “УБТЗ” ХНН-ийн 75 жилийн ойг тохиолдуулан төмөр замчдынхаа цалинг ийнхүү нэмэгдүүлжээ. Цалингийн нэмэгдэлд УБТЗ-ын 16 мянган төмөр замчид бүгд хамрагдах юм.
“УБТЗ” ХНН нь өмнө нь 2022-2023 онуудад нийт төмөр замчдынхаа цалинг 15 хүртэлх хувиар нэмэгдүүлж, 13 дах буюу жилийн эцсийн үр дүнгийн шагналт цалинг нь 200 хувиар бодож олгожээ.
Тус нийгэмлэг нь төмөр замчдынхаа өрхийн орлогыг нэмэгдүүлэх талаар шат дараатай олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд тухайлбал “Говийн төмөр замчин” хөтөлбөрийн хүрээнд говийн бүсэд ажиллаж байгаа төмөр замчдадаа 200 мянган төгрөг хүртэлх нэмэгдлийг олгож байгаа юм.
Мөн “Цалинтай ээж” тэтгэмжийг 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж, 0-2 насны хүүхэд асрах чөлөөтэй байгаа бүх эхчүүддээ сар бүр 220 мянган төгрөгийн тэтгэмж олгож эхлээд байна. Уг тэтгэмжид одоогийн байдлаар УБТЗ-ын 62 байгууллагын 560 эх хамрагдаж байна. Эх сурвалж: “УБТЗ” ХНН
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.