МИНИЙ БИЕ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХДЭЭ ИРГЭДИЙНХЭЭ САНАЛД ТУЛГУУРЛАН, ДЭВШИЛТТЭЙ АРГА БАРИЛ, ТУРШЛАГЫГ ИЛҮҮД ҮЗЭЖ, ХИЙЖ БҮТЭЭХ, ҮР ДҮНГ ЧУХАЛЧЛАХ ЗАРЧМЫГ БАРИМТЛАН АЖИЛЛАНА
Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал:
Эрхэм хүндэт Эрдэнэтчүүд ээ! Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон байгууллагын удирдлагууд аа !
Надад итгэл хүлээлгэн Орхон аймгийн Засаг даргад миний нэрийг дэвшүүлэхэд бодлогын дэмжлэгээр хангасан МАН-ын Удирдах зөвлөл, Орхон аймгийн Монгол Ардын Намын хороо, Тэргүүлэгчид, намайг дэмжсэн аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэг болон ИТХ-ын нийт төлөөлөгчид, Эрдэнэтчүүд та бүхэнд болон Орхон аймгийн Засаг даргаар томилох шийдвэрийг гаргасан Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ таньд талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу. Би төр засаг түмэн олныхоо итгэлийг зүтгэлээр хариулах болно.
Манай аймагт болж бүтэж байгаа ажлууд олон ч болохгүй бүтэхгүй байгаа ажлууд цөөнгүй байна. Миний бие төрийн хууль тогтоомжийг дээдлэн, Засаг даргын албан үүргийг хуулийн дагуу чин шударгаар хэрэгжүүлж, Монгол Улсын Их хурал, Засгийн газрын бодлого, зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж, Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо эдийн засгийн өсөлтийг хангах, орлогыг нь нэмэгдүүлэх, Алсын хараа-2050 урт хугацааны бодлого түүнийг хэрэгжүүлэх суурь нөхцөл болсон Шинэ сэргэлтийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, төрийн бүтээмжийг дээшлүүлэх, авлигаас ангид, шат шатандаа хариуцлагатай байх зарчмыг баримтлан аймаг, хотынхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөө бие сэтгэл, мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ бүрэн дайчлан ажиллана гэдгээ илэрхийлье.
Миний бие асуудлыг шийдвэрлэхдээ иргэдийнхээ саналд тулгуурлан, дэвшилттэй арга барил, туршлагыг илүүд үзэж, хийж бүтээх, үр дүнг чухалчлах зарчмыг баримтлан ажиллана. Аймаг орон нутгийн өмнө тулгамдаж буй асуудлуудад ялангуяа 2024 оны хөрөнгө оруулалтын ажилд голлон анхаарч иргэд олон нийт, аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх агентлагууд, Баян-Өндөр, Жаргалант сумд, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууд иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хамтын зөв хандлага, мэргэн оюун ухаанд тулгуурлан ажиллана.
20 дугаар зууны манлай бүтээн байгуулалт, Монгол Улсын баатар Эрдэнэт үйлдвэрийнхээ удирдлагууд, баялаг бүтээгч уурхайчин хамт олны дэмжлэгээр аймаг орон нутгийнхаа тулгамдсан томоохон асуудлыг шийдвэрлэх талаар санаачлага дэвшүүлэн ажиллах болно. Миний бие байгууллагын дарга удирдлагуудтай нэг баг хамт олон болж ажиллахдаа зөвд зөөлөн бурууд хатуу байж, үр дүнг чухалчлан үзэж, олон түмнийхээ төлөө, хариуцсан ажлынхаа төлөө гэсэн зүтгэл бүхнийг дэмжиж, хүнд сурталтай, хөшүүн хойрго зантай, харилцаа хандлага, ёс зүйн зөрчилтэй, иргэдэд тэгш бус хандлага гаргадаг, олон түмнээ үл ойшоосон албан тушаалтнуудтай хамтран ажиллахгүй гэдгээ өнөөдөр шууд хэлчихье гэж бодож байна.
Мөн төрийн байгууллагуудын албан хаагчдад ёс зүйтэй, харилцаа хандлага сайтай, асуудлыг шуурхай шийдэж, хүний төлөө зүтгэж, хөгжлийн төлөө сэтгэх шаардлага тавих болно. Миний өмнө аймгийн Засаг даргын хариуцлагатай албыг хашиж байгаад эрүүл мэндийн асуудлаар өөрөө хүсэлт гаргаж чөлөөлөгдсөн Сэмжидийн Батжаргал даргадаа эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. С. Батжаргал даргыгаа биеэ эмчлүүлээд орон нутгийнхаа хөгжлийн төлөө хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Миний бие Монгол төрийн залгамж чанарыг эрхэмлэн “Санаа зөв бол - заяа зөв” гэсэн ардын сайхан зүйр үгийг алхам тутамдаа санаж, аливаа асуудалд тэгш хандах зарчим баримтлан ажиллах болно. Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо хүн ардын төлөө, хөгжлийн төлөө хамтран ажиллацгаая. Баярлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.