16-17 НАСНЫ ХҮҮХДҮҮД БҮЛЭГЛЭН БОЛОН СОГТУУГААР ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХЭД ХЭДЭН ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ.
Өнөөдөр Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Сургууль орчмын бүс ба аюулгүй байдал” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт Орхон аймгийн ГХБХБГазар, Цагдаагийн газар, Орхон аймгийн Хүүхэд залуучуудын газрын хамт олон бол сургуулиудын захирал, нийгмийн ажилтнууд оролцож санал солилцлоо. Тус хэлэлцүүлгийн үеэр Орхон аймаг дахь цагдаагын газрын танилцуулсан мэдээлэлд дурдагдсанаар 16-17 насны хүүхдүүд бүлэглэн болон согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хэд хэдэн тохиолдол гарчээ. Орхон аймагт 2021 оны эхний 10 сарын байдлаар 285 хүн гэмт хэрэг үйлдэн шалгагдсаны 13 буюу 4.5 хувь нь насанд хүрээгүй хүн байгаа нь өмнөх оны мөн үеэс 2.1 дахин өссөн үзүүлэлттэй байна. Гэмт хэрэгт холбогдогч нарын 38.4 хувь нь 14-15 насны, 61.6 хувь нь 16-17 насны хүүхдүүд байна. Насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэг үйлдсэн тохиолдлуудын 30.7 хувь нь бүлэглэн гэмт хэрэг хийсэн бөгөөд 23.1 хувь нь согтуугаар хэрэг үйлджээ.
Харин 2021 оны эхний 10 сарын байдлаар Орхон аймагт 355 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 350 хүн хохирсны 23 буюу 6.5 хувь нь хүүхэд хохирсон гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Гэмт хэргийн улмаас эмэгтэй 14, эрэгтэй 9 хүүхэд хохирсон байна. Насны ангилалаар авч үзвэл 7 хүртэлх насны 4, 8-13 насны 7, 14-17 насны 12 хүүхэд хохирчээ.
Орхон аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэдээлэлж буйгаар гэмт хэрэг зөрчилд холбогдож болзошгүй 134 хүүхэд байгаа бөгөөд сургуулиудын хүүхэд хамгааллын багтай хамтран төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Түүнчлэн хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэх зорилгоор богино хэмжээний видео шторк бэлтгэж олон нийтэд хүргэх,
• ЕБС, төрийн байгууллагуудын Эцэг эхийн зөвлөлүүдтэй байнгын эргэх холбоотой хамтран ажиллаж, үйл ажиллагааны нэгж-хөл үүсгэх
• “Хүүхэд хамгаалагч” төслийн ажилтнуудыг энэ чиглэлд идэвхжүүлэх, сургалт нөлөөллийн үйл ажиллагааг төлөвлөн эрчимжүүлэх,
• “Лантуун дохио” ТББ-тай хамтран хүүхдийн болон хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийн хэлэлцүүлгийг зохион байгуулах, хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах зэргээр урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.