ЭНЭ ЖИЛ ЦАГААН ТООСНЫ БҮСЭД АМЬДАРДАГ 2005 ИРГЭНИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖЭЭ
Орхон аймгийн ИТХ-аас “Цагаан тоосны дэгдэлтийг бууруулах” дэд хөтөлбөрийг батлан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран хэрэгжүүлж байна. Хөтөлбөрт тусгагдсан томоохон зорилтын нэг нь цагаан тоосны бүсэд амьдардаг иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажил юм. Тус ажлыг зохион байгуулах мэргэжлийн байгууллагуудын ажлын хэсгийнхэн өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх болон холбогдох газар, хэлтсийн удирдлагуудад 2024 оны үзлэгийн дүн болон санал, дүгнэлтийг танилцууллаа.
Энэ онд цагаан тоосны бүсэд амьдарч буй 2005 иргэнийг эрүүл мэндийн иж бүрэн үзлэг, шинжилгээнд хамруулсан нь урьд жилүүдтэй харьцуулахад илүү өргөн хүрээнд, бодитой, үнэн зөв оношилгоо дүгнэлт гарах нөхцөл бүрдүүллээ, гэж Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг дүгнэлтдээ онцлов. Мөн дээрх нөлөөллийн болон нөлөөллийн бус бүсийн 2005 иргэнийг хамруулахдаа тухайн үзлэгт хамрагдсан иргэдийн эрүүл мэнд, өвчлөлийн байдлыг оношилж, нарийн мэргэжлийн эмч нар дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, цагаан тоос хүний эрүүл мэндэд нөлөөлж байгаа эсэх гэхээсээ, тэнд амьдардаг иргэдийн эрүүл мэндийн байдлыг цогцоор нь оношилж, мэргэжлийн дүгнэлт гаргахад анхаарсан гэсэн юм. Цаашид энэ чиглэлийн олон удаагийн сургалт, сурталчилгааг зохион байгуулж, иргэдэд хүргэх саналтай буйгаа илэрхийлэв.
Эрүүл мэндийн үзлэгийн ажлын хэсгийнхний танилцуулга, мэдээллийн дараа Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх санал, дүгнэлтээ хэлж, эрүүл мэндийн үзлэг оношлогооны дүн, дүгнэлтийг олон нийтэд хүргэх, үнэн зөв, ойлгомжтой мэдээлэхийг холбогдох нэгж болон ажлын хэсгийнхэнд үүрэг болгов. Мөн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулах ажлыг илүү сайжруулж, чанаржуулах, тэдгээрийн үр дүн, ач холбогдлыг сурталчлан түгээх нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлж ажиллах чиглэл өглөө.
Цагаан тоосны бүсэд амьдардаг иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажил 2007 оноос эхэлж, тухайн онд 30 хүнийг хамруулж байв. Үүнээс хойш жил бүр 30 иргэнийг хамруулж байсан бол 2019 онд үзлэгт хамруулах иргэдийн тоог нэмэгдүүлснээр 488 иргэнийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд оруулжээ. Харин энэ онд 2005 иргэн уг үзлэгт хамрагдаж, бие, эрүүл мэндийн цогц оношилгоо хийлгээд байна. Эх сурвалж: erdenettoday.mn Гэрэл зургийг Б.Баттөгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.