ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨҮГ-ЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС
Даваа гаргийн шуурхай зөвлөгөөний эхэнд үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсийн зарим ажилтнуудад Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдлын “Зөвлөх мэргэжилтэн” батламж, тамга гардууллаа. Үндэсний ажил мэргэжлийн стандартын дагуу Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэргэдэх ХАБЭА-н академиас улсын хэмжээнд 14 хүнд дээрх батламжийг олгож буй бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд, Цацрагийн хяналт, аюулгүй байдал хариуцсан тэргүүлэх инженер Ц.Оргил, ХАБЭА-н товчооны дарга Д.Бат-Эрдэнэ нар ийнхүү ХАБ-н Зөвлөх мэргэжилтэн болж байна.
Сарын эхний 10 хоногийн байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлт хангалттай сайн биелж байна. Өнөөдрийн байдлаар, 81 мянган метр куб уулын цул гаргалт, 94 мянган метр куб хөрс хуулалтын ажил төлөвлөгөөнөөс илүү гүйцэтгээд байна. Мөн хүдэр олборлолтыг 43 мянган тонн, хүдэр боловсруулалтыг 52 мянган тонноор тус тус давуулан ажиллаж байна. Технологийн балансын дүнгээр зэсийн металл авалт 89 хувь, молибдены металл авалт 52 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол 22.41 хувийн агуулгатай 3946 тонн цэвэр зэс агуулсан 17613 тонн зэсийн баяжмал, 59 тонн молибдены баяжмал тус тус үйлдвэрлээд байна. Түүнчлэн, баяжмал ачилт хэвийн үргэлжилж, 281 чингэлэг зэсийн баяжмал буюу төлөвлөгөөнөөс илүү 20 чингэлэг ачуулаад байгааг Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс мэдээллээ.
Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс Эрдэнэт үйлдвэрт албан тоот ирүүлсэн тухай Ерөнхий инженер Т.Батмөнх ээлжит шуурхай зөвлөгөөнд танилцуулав. Эрдэнэт үйлдвэрийн нийт ажлын байрны 70 хувь нь өндөр эрсдэлтэй ажлын байранд тооцогддог. Зарим цехийн ажилтнууд өндөр эрсдэлтэй ажлын байрандаа гар утсаараа цахим мөрийтэй тоглоом тоглох, улмаар донтох тохиолдол удаа дараа бүртгэгдэж байгаа тул үйлдвэрийн захиргааны зүгээс нэн даруй арга хэмжээ авч, таслан зогсоох, урьдчилан сэргийлж ажиллахыг дээрх албан тоотод дурдсан байна. Ийм учраас бүтцийн цех нэгжийн удирдлага, ҮЭ-ийн холбоо хамтран ажлын байранд эрсдэлгүй ажиллах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр онцгой анхаарч, олон талын ажил зохион байгуулах үүрэг даалгавар өглөө. Мөн цахим мөрийтэй тоглох, түүнд донтохоос урьдчилан сэргийлэх, мэргэжлийн арга зүйгээр хангаж ажиллах чиглэлээр Дотоодын 816 дугаар анги ажиллаж буйгаа энэ үеэр мэдээлэв.
Оны эцэс хүртэлх сар гаруй хугацаанд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг биелүүлэх, ялангуяа баяжмал чанар болон ачилтад анхаарах, Эрчимжүүлсэн төлөвлөгөөг бүрэн хангаж ажиллах шаардлагатай буйг шуурхай зөвлөгөөн онцлов. Ил уурхай, Авто тээврийн цехэд шинээр хүлээн авсан экскаватор болон хүнд даацын автомашиныг угсарч, ашиглалтад оруулах ажлыг яаравчлах нь үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтэд гол нөлөө үзүүлэх тул эдгээр ажлыг шуурхай гүйцэтгэж дуусгахыг анхаарууллаа. Эх сурвалж: Erdenettoday.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.