ТУВА УЛС ДАХЬ МОНГОЛЫН АНХНЫ КОНСУЛ АСАН Б.МЯНГАНБАЯР ТУС УЛСЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ ХҮРТЖЭЭ
Монгол улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан Бүгд найрамдах Тува улсад анхны консулаар ажиллаж байсан Б.Мянганбаярыг тус улсын Гавьяат ажилтан цолоор шагнажээ. Тэрээр 1994 онд Тува улсад Ерөнхий консулын газрыг үндэслэн байгуулж, 1921 оны ардын хувьсгалын дараа ажиллаж байсан дипломат байгууллагыг дахин бий болгож, харилцаа хамтын ажиллагааг сэргээж, шинэ шатанд гаргахад хувь нэмрээ оруулсны учир энэхүү эрхэм хүндтэй шагналыг хүртсэн байна. Эрдэнэт хотын төр нийгмийн ахмад ажилтан Б.Мянганбаяр зөвхөн Тува улсад төдийгүй тухайн үеийн Зөвлөлт, Монголын хамтын ажиллагааны чиглэлд ч түлхүү ажиллаж байв. Тэрээр 1985 онд Эрдэнэт хотын Намын хорооны 1-р нарийн бичгийн даргаар томилогдож, тухайн үед 50 гаруй мянган хүн амтай, хоёр орны найрамдлын бэлгэ тэмдэг болсон Эрдэнэт хотод эдийн засаг, соёл шинжлэх ухааны талаар хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бодлого шийдвэрээ уялдуулан ажиллажээ. “Би хуучин ЗХУ-д хоёр удаа дээд сургууль төгссөн. Дараа нь тус улсын Коммунист намын нийгмийн шинжлэх ухааны академийн аспирантурт суралцаж, эрдмийн цол хамгаалсан. Энэхүү сурч хүмүүжиж, ажиллаж хөдөлмөрлөж ирсэн он жилүүдийн зүтгэлийг минь үнэлж, тэр үеийн олон арван удирдагч, мэргэжилтнүүдийн төлөөлөл болгож, энэ шагналаа хүртээлээ гэж бодож байна” хэмээн тэрбээр сэтгэгдлээ хуваалцлаа.
Мөн түүнийг Эрдэнэт хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанар үр ашгийг дээшлүүлэх талаар төр засгаас өндөр шаардлага тавьж байв. Нам засгийн бодлого, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааг жигдрүүлэхэд тэр үеийн удирдагчид бүхий л талаар анхаарч байлаа. Энэ утгаараа Эрдэнэт хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга асан Б.Мянганбаярт тус үйлдвэрийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүргийг үнэлж, 2011 онд Монгол Улсын Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан цол хүртээсэн юм. Ийнхүү тэрбээр Монгол, Тува хоёр улсын хос гавьяат цолтон боллоо. Эх сурвалж: ErdenetToday.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.