УЛСЫН ОЛИМПИАДАД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН БАГУУД ТЭРГҮҮЛЛЭЭ
ШУТИС-ийн Механик тээврийн сургуулиас санаачлан Металл боловсруулалт, инженерчлэлийн холбоо, ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд, их, дээд сургуулиуд, үндэсний үйлдвэрүүдтэй хамтран улсын хэмжээнд жил бүр “Монгол инженер” нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай. Эрдэм шинжилгээний хурал, Техникийн механик болон CAD/CAЕ/CAМ-ын олимпиад гэсэн гурван төрөлтэй “Монгол инженер-2022” үйл ажиллагаа өнгөрсөн долоо хоногт боллоо.
CAD/CAЕ/CAМ-ын олимпиадад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Засвар механикийн заводын инженер зохион бүтээгч Г.Энхбат, А.Лхагва, О.Отгондаваа, Е.Жүзжасар, мастер О.Отгондаваа нар оролцов. Уг олимпиад оюутан, инженер техникийн ажилтан, багийн төрлөөр явагдлаа.
Инженер техникийн ажилтны ганцаарчилсан төрөлд 23 байгууллагын 77 ажилтан ур ухаан, мэдлэг, чадвараа сорин өрсөлдсөнөөс Засвар механикийн заводын инженер, зохион бүтээгч Е.Жүзжасар дэд байр, мастер О.Отгондаваа тусгай байр эзэллээ.
Багийн төрөлд инженер техникийн дөрвөн ажилтнаас бүрдсэн 15 баг оролцсоноос Засвар механикийн заводын баг тэргүүн байр эзэлсэн юм.
Харин Техникийн механикийн олимпиадад “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Механик инженер-2 ангийн оюутан Б.Батсанаа, У.Билгүүн, А.Далайхүү, механик инженер-4 ангийн оюутан Б.Чойжамц, А.Даржаа нар оролцож, багаараа тэргүүн байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо. Оюутан залуус, багш, судлаач инженерүүдийн мэдлэг, ур чадвар, инженерчлэлийн оновчтой шийдлийг дэмжих, судалгааны ажлын үр дүнг дэлгэрүүлэх, бизнесийн байгууллага их дээд сургуулийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой уг олимпиадад их дээд сургуулийн есөн багийн 45 оюутан оролцсон юм. Тэд “1985 онд Хөвсгөл далайд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд инженерийн тооцоо, шийдэл боловсруулан даалгавар гүйцэтгэжээ. Тэргүүн байрт шалгарсан багийг амжилттай удирдсан багш Г.Оюунсүрэн, Л.Ундраа нар “Шилдэг багш”-аар тодорч өргөмжлөл, мөнгөн шагнал “Эс Эл Эс Беарингс Монголиа” ХХК-ийн нэрэмжит шагнал хүртэв.
Эх сурвалж: ErdenetToday.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.