"Нүүдэлчин Монгол-2022" дэлхийн соёлын фестиваль 08 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд боллоо
"Нүүдэлчин Монгол-2022" дэлхийн соёлын фестиваль 08 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Сайханы Саравч хөндийд Монгол нутгийн өнцөг булан бүрээс хуран чуулсан соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч үзэгч түмэн олонтойгоо өргөн дэлгэр сайхан наадлаа.
Тус наадамд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийг хамруулах, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг Соёлын Яамны Залуучуудын хөгжлийн зөвлөл, Соёл, урлагийн менежер залуучуудын хөгжлийн зөвлөл санаачлан хэрэгжүүлж 3 өдрийн турш нийт 200 гаруй иргэдийг зохион байгуулалттайгаар автобус унаа, хөтөч тайлбарлагч, дохионы хэлмэрчтэйгээр хамрууллаа. Хөтөлбөрт сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийн нийслэлийн 29 дүгээр тусгай дунд сургууль, оюун ухаан, аутизм, дауны бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн ерөнхий эрдэм болон хөдөлмөр заслын сургалттай нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар дунд сургуулийн сурагчид, Дархан- Найрамдал ТББ, Түгээмэл хөгжил ТББ, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр сургалтын үндэсний төв, Гэрэлт-Ундарга хэвлэл ТББ, Монголын дүлий иргэдийн соёл, урлагийн холбоо, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Монголын дауны холбоо, Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо, Сэргээн засалтын үндэсний төв, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоод, чөлөөт уран бүтээлчид, өсвөр үеийн залуус, хүүхдүүд хамрагдаж үндэснийхээ язгуур соёл, өв уламжлалтайгаа танилцаж, сэтгэгдэл өндөр буцлаа. Мөн фестивалийн үеэр үзэсгэлэн худалдаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулж, тэдгээр иргэд өөрсдийн хийсэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн гар урлалын бүтээлүүдээ иргэдэд дэлгэн сонирхуулж худалдан борлууллаа. Соёлын яам цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэд, уран бүтээлчидтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн, "Судалбар" хамтлаг болон уран бүтээлчдийн төлөөлөлтэй хамтран Монгол язгуур урлагийн тоглолт зохион байгуулж контент бүтээн олны хүртээл болгон ажиллах болсныг дуулгахад таатай байна.
Тэгш хүртээмжийг нэмэгдүүлж, хүмүүнлэг наадам хийхийг зорьсон залуустаа талархал илэрхийлье.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.