“ЭНЭРЭЛ” ТӨВИЙН ХҮҮХДҮҮД ТӨРСӨН ӨДРӨӨ СУРЛАГЫН ӨНДӨР АМЖИЛТААР УГТЛАА
Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Энэрэл” асрамжийн төвийн хүүхдүүд төрсөн өдрөө өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэдэг уламжлалтай. Тус төвийнхөн 1992 онд үүсэн байгуулагдсан цагаас хойш өнөөг хүртэл 30 жилийн турш хүүхдүүдийнхээ төрсөн өдрийг нэг өдөр, нэгдсэн байдлаар хамтдаа тэмдэглэсээр ирсэн юм. Уламжлал ёсоор өнөөдөр болсон хүүхдүүдийн төрсөн өдрийн үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх, Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа, Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын Албаны дарга Д.Эрдэнэбат, УГЗ, найруулагч Д.Одончимэг нар оролцож, төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлэн, бэлэг гардууллаа. Жил жилийн төрсөн өдөрт ирэх бүрд хүүхдүүд том болцгоож, эрүүл энх өсөж торнин, авьяас чадвар нь хөгжиж, дээшилснийг хараад, сэтгэл өндөр байгаагаа тэд баярын мэндчилгээндээ онцолсон.
Харин хүүхдүүд төрсөн өдөртөө өөрсдийн урласан гар урлал болон уран зургийн үзэсгэлэнгээр бэлэг барьж, Төрсөн өдрийн дуугаа зочидтойгоо хамт дууллаа. Энэрэл төвөөр овоглосон хүн бүхний зүрх сэтгэлд тод дурсамж үлдээдэг энэхүү баярт өдрөөр алс холын Вьетнам, Куба, Орос улсын үе тэнгийн найзууд, Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүлсэн нь энэ жилийн баярын содон бэлэг байв. Түүнчлэн өвлийн эхэн сарын шинийн нэгэн, Чингис хааны мэндэлсэн өдрийг бэлгэшээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг сонордуулж, төвийнхөө хойморт Чингис хааны эш хөргийг хамтдаа заллаа.
Энэ үеэр тус төвийн эрхлэгч М.Майцэцэг, “Хүүхдүүд маань онц, сайн сурч байгаад үнэхээр баяртай байна. Бид хүүхдүүддээ амьдрах ухааны эрдэм заахын зэрэгцээ тэднийхээ оюун ухаан, бие бялдрын хөгжилд онцгой анхаарч ажилладаг. Тиймээс төвийнхөө байранд 17 төрлийн секц дугуйлан хичээллүүлж, бүх хүүхдүүдээ давхардалгүй, хоцрогдолгүй хамруулж байна. Үүний үр дүнд манай хүүхдүүдийн сурлагын амжилт 80-аас дээш хувьд хүрсэн. Саяхан Улаанбаатар хотод болсон хөл бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээний хоёр ангиллаас манай тамирчид мөнгөн медаль хүртсэн” хэмээн хүүхдүүдийнхээ амжилтаас хуваалцлаа. Уурхайчин ах эгч нарынх нь сэтгэлийн захиастай, ирэх жилийн төрсөн өдрөөр олуулаа тэмдэглэх урилгатай энэ жилийн төрсөн өдөр халуун дулаан боллоо. Эх сурвалж: Erdenettoday.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.