Ш.БОЛОРТУНГАЛАГ: “ЭРДЭНЭТ МЕДИКАЛ” ЭМНЭЛЭГТ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛААР ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
Орчин үеийн, цэвэр, тохилог “Эрдэнэт медикал” эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүсэлтэй хүн олон байдаг. Гэвч эмчилгээ үйлчилгээ, ор хоногийн төлбөр нь өндөр гэсэн ам яриа, хар таамгаар хувийн эмнэлгүүдийг зорих нь дийлэнх. Үнэн бодит мэдээллийг хүргэхээр тус эмнэлгийн Хэвтэн эмчлүүлэх тасгийн эрхлэгч Ш.Болортунгалагтай уулзаж, эмчилгээ үйлчилгээнийх нь талаар тодрууллаа.
-“Эрдэнэт медикал” эмнэлэгт ямар өвчний оноштой хүмүүс хэвтэн эмчлүүлэх боломжтой вэ?
-Манайд 170 оношны бүлгийн хамааралтай хүмүүс хэвтэн эмчлүүлэх боломжтой. Тэр дундаа дотор, мэдрэл, мэс засал, эмэгтэйчүүд гээд бүх төрлийн өвчний оношилгоо, эмчилгээ хийгдэж байна. Сүүлийн үед хүмүүс ялангуяа хоол боловсруулах замын өвчлөл, элэг цөсний чиглэлээр илүү их хэвтдэг болсон. Орон нутагт хийгддэггүй хагалгаанууд хийгддэг. Чих, хамар, хоолойн хагалгаа, дурангийн мэс заслууд эрүүл мэндийн даатгалаар хийгддэг. Мөн нүдний болор солих хагалгааг сард нэг удаа хийдэг.
-Ор хоногийн төлбөр хэд вэ?
-Эрүүл мэндийн даатгалаар санхүүждэг. Өндөр настнууд гэхэд 100 хувь үнэ төлбөргүй байх жишээтэй. Ажил хийдэг, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хүмүүс бол 85 хувь нь Эрүүл мэндийн даатгалаас санхүүжээд, 15 хувиа өөрөө төлөөд хэвтдэг. Өрхийн эмчээсээ дараагийн шатлалын эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатайг илтгэсэн 13А маягттай ирнэ. Мөн шаардлагатай шинжилгээнүүдийг өгсөн байна.
-Өөр эмнэлгийн шинжилгээний хариу байж болох уу? Заавал өөрийн эмнэлгийн шинжилгээний хариуг үндэслэх үү?
-Шинжилгээг хаана ч өгсөн болно. Гол нь хугацаа нь шаардлага хангах ёстой. Өөрөөр хэлбэл сүүлийн нэг сарын дотор өгсөн шинжилгээний хариу хэрэгтэй.
-13А маягт шаардахгүй тохиолдол бий юу?
-Яаралтай тусламж, чих, хамар, хоолой, шүд, мэс заслын болон халдварт өвчнүүдэд 13А маягт шаардахгүй.
-Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэг нэгжийн хувьд уурхайчдад тусгайлсан үйлчилгээ байдаг уу?
-Манай эмнэлэгт Хангайн бүсийн таван аймгаас хүмүүс ирж хэвтэн эмчлүүлдэг болохоор орны захиалга их байдаг. Харин Эрдэнэт үйлдвэрийнхээ ажилчдыг дараалал харгалзахгүй хүлээн авдаг. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгтээ ороод удаагүй бол дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй, шууд хэвтэн эмчлүүлэх боломжтой.
-Улсын эмнэлгүүд сарын сүүлчээр эм тарианы ханган нийлүүлэлт хийгдээгүй шалтгаанаар хувь хүнээс эм тариаг нь гаргуулж хийдэг. Танайд ийм хүндрэл бий юу?
-Манайх хангалт сайтай учраас эм, тарианы тасалдал үүсдэггүй. Нэг ч эм, тариа хувь хүнээс, гаднаас авч үйлчлэхгүй. Монгол улсын стандартад заагдсан удирдамжийн дагуу чанартайг сонгож эмчилгээгээ хийдэг. Гаднаас эргэлт авдаггүй. Эмчилгээ сувилгааны өдрийн таван хоолтой.
-Хэвтэн эмчлүүлэх тасгийн хүчин чадал хэр вэ?
-35 ортой. Өвчтөнүүд маань таваас дээш хоног хэвтэн эмчлүүлдэг. Өдрийн эмчилгээнд 15-20 өвчтөнд үйлчлэх хүчин чадалтай.
-Өдрийн эмчилгээний онцлог..?
-Энэ жилээс бид өдрийн эмчилгээ нэвтрүүлсэн. Өдрийн эмчилгээнд хувь хүнээс мөнгө гарахгүй, 100 хувь нийгмийн даатгалаар үйлчлүүлэх боломжтой. Даатгал төлдөг иргэн бүр өдрийн эмчилгээнд хамрагдах боломж нь нээлттэй. “Лист” авахгүйгээр, ажлынхаа цагийн боломжоор эмчилгээнд хамрагдах боломж олгож байгаагаар онцлог.
-Баярлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.