ЦАГААН ТООС ДАРАХ АЖИЛ ЖИЛИЙН ДӨРВӨН УЛИРАЛД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Эрдэнэт үйлдвэр цагаан тоос дарах ажлыг жилийн дөрвөн улиралд тасралтгүй үргэлжлүүлж байна. Энэ өвөл цас бага унах, олон жилийн дунджаас дулаан байх урьдчилсан төлөвтэй байгаа тул цагаан тоос дарах ажлыг уртасгасан цагаар гүйцэтгэж байна, гэж Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн инженер Н.Наранчимэг ярилаа.
Хаягдлын аж ахуй 2000 гаруй га талбайг эзэлдэг. Үүний 1000 гаруй га нь хуурай бөгөөд 200 орчим га талбай нь цагаан тоосны идэвхтэй дэгдэлтийн бүс юм. Өөрөөр хэлбэл хуурай талбайн 80 хувийг бодисоор бүрэн дарж чаджээ. Гэсэн ч Хаягдлын аж ахуй хаагдаагүй, үйлдвэрлэл үргэлжилж байгаа цагт дараа жил хуурай талбай дахин бий болдог онцлогтой. Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйгаас үүсэх тоосжилтыг бууруулахын тулд зам талбайг услах, хөрсөөр хучих, салхины чиглэл өөрчлөх, ногоон зурвас үүсгэн модод тарьж суулгах, тусгай бодис ашиглан гадаргууг бэхжүүлэх зэрэг арга хэрэглэдэг. Сүүлийн жилүүдэд цагаан тоос дэгддэг талбайг флокулянттай булингаар хучих, полимер бодисоор дарах зэрэг хэд хэдэн арга хослуулан хэрэглэж, зориулалтын техник ашиглаж байна. Энэ жил шинэ полимер бодис авсан нь өвлийн улиралд илүү үр дүнгээ өгч байгааг мэргэжилтнүүд онцолсон. Одоогоор шинэ полимер бодисоор 400 га талбайг хучжээ. Эх сурвалж: Erdenettoday.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.