ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН “ТӨВӨӨС ЗУГТАХ ХҮЧНИЙ ШАХУУРГА” БҮТЭЭЛ ШИЛДЭГ ИННОВАЦИЙН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ШАЛГАРЛАА
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хоёр жил тутамд Үндэсний хэмжээнд шалгаруулдаг “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний шилдэг бүтээгдэхүүн”-ийг шалгаруулан шагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”-ээр Эрдэнэт үйлдвэрийн “Төвөөс зугтах хүчний шахуурга” бүтээл шалгарлаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар гардуулан өглөө. Энэхүү шагнал нь зах зээлд шинээр, эсвэл өмнө байсан бүтээгдэхүүнээс чанар, технологийн агууламжийн хувьд давуу, орчин үеийн технологи, мэдлэгт түшиглэсэн, импортыг орлох, экспортод чиглэсэн бүтээгдэхүүнд олгодог аж. “Төвөөс зугтах хүчний шахуурга”-ыг бүтээхдээ орчин үеийн өндөр технологийн программ, техник хангамж ашиглан булинга дамжуулах бүтэн системд симуляци хийж, тулгамдаж буй хүндрэлүүдийг илрүүлэн, шинжлэх ухааны үндэслэлтэй өөрчлөлт шинэчлэлтүүдийг амжилттай хийсэн юм. Энэхүү шахуургыг үйлдвэрлэлд нэвтрүүлж нутагшуулснаар импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэн, жилд 3 638 069 ам.долларын худалдан авалтын зардлыг бууруулжээ. Эрдэнэт үйлдвэр 2016 оноос хойш импортоор шахуурга худалдаж аваагүй, зөвхөн зарим эд ангийг худалдаж авч байсан бол 2020 оноос сэлбэг, эд ангийг дотооддоо бүрэн үйлдвэрлэж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ технологийн агууламжийг нэмэгдүүлэн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн үйлдвэрлэлийг дэмжих, тоног төхөөрөмж, эд ангийг сэргээн засварлах, сайжруулах, туслах эд ангийн үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлэх бодлогын хүрээнд үйлдвэрийн газрын санхүүжилтээр бий болсон “Төвөөс зугтах хүчний шахуурга” бүтээл нь ийнхүү Үндэсний “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”-ээр шалгарлаа.
“Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” төрөлд “Гэрэгэ дижитал технологи” ХХК-ийн “Зэв дижитал музей” бүтээл шалгарчээ. Эх сурвалж: ErdenetToday.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.