АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН АЖИЛТНУУД МЭРГЭЖЛИЙН БАЯРААРАА ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
Эрдэнэт үйлдвэрийн дөрвөн арваны түүхийг баринтагласан их үйлсийн эзэд архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудын мэргэжлийн өдөр буюу Монгол улсад орчин цагийн архивын алба үүсэж, хөгжсөний 95 жилийн ойн баяр өчигдөр тохиож, шилдгүүд тодорлоо. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын архив, бичиг хэргийн үйл ажиллагааг 83 ажилтан эрхэлж байна. Тэд мэргэжлийн өдрөө угтаж, багаар ажиллах ур чадвараа хөгжүүлэх, баримт бичиг боловсруулах чадвараа дээшлүүлэх, архив, албан хэрэг хөтлөлийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль эрх зүйн болон онолын мэдлэгээ нэмэгдүүлэх, бататгах тестийн сантай болох, Архив, албан хэрэг хөтлөлтийн шинэ журмыг ажилтнууддаа танилцуулах зорилгоор дөрвөн багт хуваагдан ажилласан байна. Энэ өдөр мэргэжлийн уралдаан, спортын тэмцээний шилдгүүд тодорч шагнал гардсан. “Баримт бичиг боловсруулах нь” сэдэвт мэргэжлийн уралдаанд Оёдлын цехийн бичиг хэргийн ажилтан Т.Баясгалан ахлагчтай баг тэргүүн байр эзэлсэн бол “Тестийн сан бүрдүүлэх нь” сэдэвт мэргэжлийн уралдааны нэгдүгээр байрт Мэдээллийн технологийн хэлтсийн Тэргүүлэх мэргэжилтэн Б.Мөнхцэцэг ахлагчтай баг шалгарлаа. Харин спортын гар бөмбөгийн тэмцээний төрөлд Спорт цогцолборын бичиг хэргийн ажилтан Б.Мөнхцэцэг ахлагчтай баг түрүүлж, шилдэг тоглогчоор Ган бөөрөнцгийн цехийн хүний нөөцийн мэргэжилтэн, бичиг хэргийн ажилтан Д.Саранзаяа тодров. Сагсан бөмбөгийн төрөлд Д.Саранзаяа ахлагчтай нэгдүгээр баг түрүүлсэн байна. Харин шилдэг тоглогчоор Үйлдвэрлэл, технологийн парк төслийн нэгжийн бичиг хэргийн ажилтан Б.Отгонзул тодорсон юм.
Мөн энэ үеэр Засгийн газрын шагнал, “Хөдөлмөрийн салбарын Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр Хүний нөөц, захиргааны хэлтсийн Дотоод зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн албаны бичиг хэргийн мэргэжилтэн О.Цэрэнханд, Л.Ганчимэг, Төрөлжсөн архивын сан хөмрөгийн эрхлэгч О.Дариймаа нар энгэрээ мялаалаа.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнууд Монгол улсын хэмжээнд туршлага болохуйц олон сайхан ажил санаачлан хэрэгжүүлж түүчээлэн ажилладаг. Ирэх жилээс архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнууд, удирдлагын үйл ажиллагаанд мэдээллийн шинэ систем нэвтрүүлэхээр зорьж байгаагаа мэргэжлийн баяраараа онцолсон юм. Эх сурвалж: ErdenetToday.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.