ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ ЭСРЭГ АЯН ӨРНӨЖ БАЙНА
“Эрдэнэт” сувиллын цогцолбороос уурхайчдынхаа эрүүл мэндийг хамгаалж, урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд “Цусны даралт ихсэх өвчний эсрэг аян”-ыг үйлдвэрийн хэмжээнд зохион байгуулж эхэллээ. Бүх цех нэгж дээр тус сувиллын зүрх судас, дотоод шүүрэл, хөдөлгөөн засал, дотор, мэдрэл зэрэг нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж, уурхайчдадаа зөвлөгөө, эмчилгээний арга заавар өгч байна. Аян эхэлснээс хойш сар гаруйн хугацаанд нийт 110 гаруй уурхайчин үзлэгт хамрагдсан бөгөөд өнөөдөр Засвар механикийн завод дээр үргэлжиллээ.
“Цусны даралт ихсэх өвчний эсрэг аян”-ы явцад цех бүрээс сонгогдсон 25 ажилтныг тусгайлан бэлтгэх юм. Эдгээр хүмүүс өөрийн цехийн эмч, сувилагчдын заавраар ажилтнуудын цусны даралт хэмжих, чихрийн шижингийн эрсдэл, даралтын эмээ тогтмол уудаг эсэх, биеийн жин зэрэгт хяналт тавих үүрэгтэй аж. Мөн тухайн ажилтанд эрүүл мэндийн тусламж шаардлагатай үед цехийн эмчийн хамт зөвлөмж өгөх, нарийн оношилгоонд орох, эмчилгээний заавар зөвлөгөө өгөх зэргээр мэргэжлийн эмч, ажилтны эргэх холбоог хангаж ажиллана. Түүнчлэн ХАБЭА-н хэлтэстэй хамтран эрүүл мэндийн дэвтрийг нэгж бүрд хөтөлдөг болно. Дэвтэрт хоол зүйч эмчийн зөвлөгөөг хэрхэн мөрдөж буй, биеийн жинг хэрхэн зөв зохистой барих гэх мэтчилэн чиглэл тус бүрээр хяналтын мэдээллийг тэмдэглэснээр үр өгөөжийг харахад дөхөмтэй болно, гэж “Эрдэнэт” сувиллын цогцолборын Чанарын менежер Л.Машбат онцлов. Аян 2023 оныг дуустал үргэлжилж, эмч ажилтнуудын хоорондын эргэх холбоо ямар үр дүнтэй байгааг дүгнэх аж. Эх сурвалж: ErdenetToday.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.