БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ 2031 ОН ХҮРТЭЛ ХУГАЦААНД ХӨГЖҮҮЛЭХ ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН БАРИМТ БИЧГИЙГ БАТАЛГААЖУУЛАВ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоотой хамтран зохион байгуулсан “Баяжуулалтын технологийн дэвшил - Эрдэнэт үйлдвэрт” сэдэвт зөвлөгөөн Эрдэнэт хотноо 2 өдрийн турш зохион байгуулагдаж, өнөөдөр өндөрлөлөө. Ашигт малтмал боловсруулах, баяжуулах салбарын эрдэмтэн судлаачид, мэргэшсэн инженерүүд, холбогдох төр захиргааны байгууллагын мэргэжилтнүүд, Эрдэнэт үйлдвэрээс төрөн гарсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатрууд, Төрийн соёрхолт, Гавьяат уурхайчид Баяжуулах үйлдвэрт хийгдсэн техникийн шинэчлэл, технологийн дэвшил, ирээдүйд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, өргөтгөл шинэчлэлийн төслүүдийн талаар санал, шүүмж өрнүүлэн зөвлөлдсөн юм.
Зөвлөгөөнд оролцогчид Эрдэнэт үйлдвэрийн техникийн болон технологийн бодлого зөв чигтэй явааг онцолсон. Мөн цаашид баяжуулалтын технологи, үйл ажиллагаанд анхаарах, нэвтрүүлэх үнэтэй санал, зөвлөмж дэвшүүлснийг мэргэжилтнүүд нэгтгэж хөгжлийн баримт бичигт тусгалаа. Зөвлөгөөний төгсгөлд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Ерөнхий инженер Т.Батмөнх нар Баяжуулах үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх техник, технологийн баримт бичигт гарын үсэг зурж баталгаажуулав. Ингэснээр Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл шинэчлэлийг 2031 он хүртэлх хугацаанд шат дараатайгаар хэрэгжүүлэн, орчин үеийн цахилгаан эрчим хүчний шингээлт багатай ухаалаг удирдлагын системтэй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл хамгийн бага, ХАБЭА-н эрсдэлийг бууруулсан дэвшилтэт техник, технологи нэвтрүүлснээр хүдэр боловсруулалтыг жилд 40 сая тоннд хүргэж, баяжмал гаргалтыг 650 мянган тонн болгон нэмэгдүүлэх, металлын агуулгыг өнөөгийн хүрсэн түвшинд барих боломж бүрдэнэ. Мөн нэг тонн хүдэр боловсруулах өөрийн өртгийг 18 хувиар бууруулахаар тооцож байна.
“Баяжуулалтын технологийн дэвшил - Эрдэнэт үйлдвэрт” зөвлөгөөнд оролцогчид өнөөдөр Ил уурхай, Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.
Эх сурвалж: ErdenetToday.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.