“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ээлжит XIV Бага хурал 2-р сарын 09-ний өдөр зохион байгуулагдана
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ээлжит XIV Бага хурал ирэх хоёрдугаар сарын 09-ний өдөр зохион байгуулагдана. Энэхүү хурлаар ҮЭ-ийн холбооны тэргүүний сонгууль явагдах юм. Нэр дэвшигчдийг бүртгэх журам болон бусад асуудлын талаар Бага хурал зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч, Засвар, механикийн заводын ҮЭ-ийн хорооны дарга Н.Төмөрцоожоос тодрууллаа.
-Ажлын хэсэг зохион байгуулалтын асуудлаа эцэслэн шийдсэн үү?
-Хэлэлцэж шийдвэрлэсэн. Бид Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн холбооны түүхэнд байгаагүй олон хүний оролцоотой сонгууль зохион байгуулах гэж байна. Таван ажилтан тутамд нэг төлөөлөл байхаар шийдсэн. Нэгэнт бид татвар төлөгч нийт гишүүдээ бүгдийг хамруулж чадахгүй учраас аль болох олон хүн Бага хуралд оролцуулахыг зорьж байгаа. Ойролцоогоор 1100 орчим хүний төлөөлөлтэй сонгууль болно.
-Холбооны Тэргүүнд нэр дэвшигчдийг хэзээнээс бүртгэх вэ?
-Бид Нэр дэвшигчдийг бүртгэх журмаа баталсан. Энэ удаагийн сонгууль нээлттэй болно. МҮЭ-ийн гишүүн бол хэн ч өрсөлдөх боломжтой. Нэмэлт заалт гэвэл уул уурхайн салбарт таваас доошгүй жил ажилласан байх шаардлагатай, аль нэг нам, эвсэлд гишүүнчлэлгүй байх ёстой. Үйлдвэрээ улс төрөөс ангид байлгах үүднээс энэ заалтыг оруулсан. Тэгээд 60 хүртэлх насны, дээд боловсролтой хүн Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн холбооны Тэргүүний сонгуульд өрсөлдөх боломжтой. Нэр дэвшигчдийг 2023 оны нэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд 08:00-15:00 цагийн хооронд Ерөнхий захиргааны нэгдүгээр байрны 229 тоотод Ажлын хэсгийн ахлагч бүртгэнэ. Судалж, шалгасны дараа мандат олгоно. Мандатаа авснаар нэр дэвшигчид сурталчилгаагаа албан ёсоор эхэлнэ.
-Нэр дэвшигчдийн шударга өрсөлдөөнийг хангах үүднээс нэгдсэн ямар үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна?
-Сонгууль явагдахаас тав хоногийн өмнө нэр дэвшигчдийн дунд телевизийн халз мэтгэлцээн зохион байгуулна. Ажилчид энэ дундаас дүгнэлт хийж, сонголтоо хийхэд дөхөм байх болов уу. Нэвтрүүлгийн үеэр ажилчид, татвар төлөгч гишүүд мессежээр санал хүсэлт, асуултаа илгээж болно.
-Бага хурлаар өөр ямар асуудал хэлэлцэж шийдвэрлэх вэ?
-Тайлан хэлэлцэж, бүтцийн асуудлаа шийдэж, сонгууль явуулна. Холбооны даргаа сонгоно. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээ баталгаажуулна. Хянан шалгах комиссын гишүүдийг сонгоно. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд 200-д нэг квоттой. Дараа нь гүйцэтгэх зөвлөл тэргүүлэгчдээ сонгож, дүрэм, журмаа хэлэлцэх юм. Өмнө нь Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн холбоо ийм далайцтай сонгууль явуулж байгаагүй. Тиймээс эрс шинэчлэлийн сонгууль болох болов уу гэж найдаж байна.
-Бага хурал хэзээ, хаана болох вэ?
-Ээлжит XIV Бага хурлыг ирэх хоёрдугаар сарын 09-ний өдрийн 08:00-15:00 цагийн хооронд “Хангарди палас”-т зохион байгуулахаар товлосон. Өмнө нь бид Соёл, урлагийн цогцолборын их танхимд Бага хурлаа хийдэг байсан. Энэ удаа олон хүн оролцох учраас суудлын тоо хүрэлцэхгүй. Тиймээс “Хангарди палас”-т хурлаа хийхээр төлөвлөж байгаа.
-Амжилт хүсье.
Эх сурвалж: ErdenetToday.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.