“ЭРДЭНЭТ ЦОГЦОЛБОР” ДЭЭД СУРГУУЛИЙН “ЭРДМИЙН БАЯР” БОЛЖ ШУТИС, МУИС-ЫН ТӨГСӨГЧ НАР РОМБО, ДИПЛОМОО ГАРДЛАА
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх, ШУТИС-ийн харьяа, Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн намрын улирлын 24 дэх төгсөлт, “Эрдмийн баяр” ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа өчигдөр Соёл, урлагийн цогцолборын их танхимд зохион байгуулагдлаа. Эрдмийн баярт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд, сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүд, доктор, профессор, эрдэмтэн багш нар оролцож, төгсөгчдөд ромбо, дипломыг нь гардуулан, амжилт хүсэж, баяр хүргэлээ.
“Эрдмийн баяр”-ын үйл ажиллагааг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү нээж үг хэлсэн. Тус сургуулийн хувьд 2022-2023 оны хичээлийн жилд Ахлах сургууль олон улсын кэмбриджийн хөтөлбөрийн анхны элсэгчдээ авсан, мэргэжлийн боловсрол 3 жилийн хугацаагаар олгох политехникийн коллеж үйл ажиллагааг эхлүүлсэн, мөн олон улсад ажиллах эрх бүхий анхны гагнуурчдыг бэлтгэн төгсгөсөн зэрэг онцлог ихтэй жил болж байна.
Тус сургуулийг энэ жил 3,2-оос дээш үнэлгээний голч дүнтэй төгссөн гурван төгсөгч Эрдэнэт үйлдвэрт ажиллах урилга гардан авлаа. “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг Цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлээр онц дүнтэй төгссөн Пүрэвсүрэнгийн Ганзаяа, Паньджүгний Дорж, Цахилгааны инженер мэргэжлээр онц дүнтэй төгссөн Энэбишийн Долгормаа нарт Эрдэнэт үйлдвэрт ажиллах батламжийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон гардуулан өгсөн юм. Энэ үеэр Ерөнхий захирал, төгсөгч нарт хандан хэлсэн үгэндээ, “Сургуулийн танхимдаа эрдэмтэн багш нараараа заалгасан эрдэм мэдлэгээс гадна амьдрал дээр, ажил дээр сурах арвин их мэдлэгийн далай та бүхний өмнө байгаа. Оюутан хүн сургуульдаа инженер, техникийн ажилтан хүний эзэмших ёстой мэдлэгийн ердөө 30 хувийг эзэмшдэг гэдэг. Тэгвэл үлдсэн 70 хувийг цаашид туулах амьдрал дээр, ажил дээрээс олж авдаг, улам бэхжүүлдэг, баталгаажуулдаг гэж үздэг. Тиймээс төгсөгч нар маань цаашид улам сайн мэргэжилтэн, сайн ажилтан, сайн иргэн болох, улсдаа урдаа барих шилдэг, тэргүүний инженер, техникийн ажилтан болох зам та бүхний өмнө нээлттэй байгаа” хэмээн хэлж, цаашдын ажил амьдралд нь ерөөл өргөсөн.
Монгол улсын Засгийн газрын тогтоолоор МУИС-ийн Эрдэнэт сургуулийг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн бүрэлдэхүүнд нэгтгэх шийдвэр гарсан. Эрдмийн баярын үеэр тус сургуулийн 59 багш, ажилтанд, Эрдэнэт үйлдвэрийн шинэ ажилтны тэмдэг, дэвтэр, дурсгалын зүйл гардуулан өглөө. Энэ хичээлийн жилийн намрын улиралд ШУТИС болон МУИС-ийг магистрын 7 хөтөлбөрөөр 64, бакалаврын 6 хөтөлбөрөөр 33, нийт 97 төгсөгч ийнхүү нэг дор дипломоо гардан авч байгаа нь энэ удаагийн “Эрдмийн баяр”-ын онцлог боллоо. Эх сурвалж: ErdenetToday.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.