Хөгжлийн бэрхшээлтэй иргэндээ ээлтэй орчин бүрдүүлэхэд манлайлж оролцъё...
Аймгийн Засаг даргын төр, хувийн хэвшлийн бүхий л байгууллагад хамаарах хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ажил зохион байгуулах А/228 тоот захирамж гарсныг Та мэдсэн үү. Захирамжын гол агуулга нь төр, хувийн хэвшил, худалдааны байгууллагууд гаднах орчноосоо эхлээд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй орчныг бүрдүүлэх, тэднийг тохирсон ажлын байраар хангах, бүхий л байгууллага тэргүүн ээлжинд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлчилдэг байх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнээс ангид хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүүхэд үлдээхгүй байх юм.
Манай аймагт нийт 4648 хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаа нь нийт хүн амын 4.3 хувийг эзэлж буй. Хөгжлийн бэрхшээлтэй хүний 26.8 хувь нь төрөлхийн 73.1 хувь нь олдмол шалтгаантай.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангуулж, аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт 6 ажил үйлчилгээг тусган хэрэгжүүлж байгаа билээ.
Орон нутгийн санхүүжилтээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжсэн, тэднийг ойлгосон, нийгэмд оролцох оролцоог нь хангасан хэд хэдэн төслийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Хувийн туслах” үйлчилгээ төслийн үр дүнд бие даан амьдрах чадваргүй иргэд нийгмийн харилцаанд оролцох, Хөдөлмөр эрхлэлт сургалтын төвөөр дамжин иргэд шавь сургалтаар мэргэжил эзэмших, тогтмол ажлын байртай, өрхийн орлоготой болох нөхцөл бүрдсэн.
Мөн боловсролд тэгш хамруулах "Тэгш боломж" төслийн хүрээнд өнгөрсөн онд I, VII, XX сургуульд "Хүүхдийн хөгжлийг дэмжих" төвийг байгуулсан бол XХVII цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч, боловсрох хоёр бүлгийг нээх, ингэснээр хүүхдүүд хөгжиж байна. Эдгээр төсөл хөтөлбөр, асран хамгаалагчдын эрүүл мэнд, нийгмийн даатгалын зардал, салбар зөвлөлийн үйл ажиллагааны зардал зэрэгт жилдээ 600 гаруй сая төгрөгийг зарцуулдаг. Харин улсын төсвөөс нийгмийн халамжийн тусламж, хөнгөлөлтөд 2.5 тэрбум, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд 130 гаруй сая төгрөг нийт 2.7 орчим тэрбум төгрөгийг зарцуулдаг ажээ.
Гэсэн хэдий ч цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тохируулгат ажлын байраар хангах, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлтэнд анхаарах, сэргээн засах үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сэргээн засалчдыг бэлтгэх тоог нэмэгдүүлэх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ойлголт хандлагыг сайжруулах, барилга байгууламжид стандартын хэрэгжилтийг хангахад бүх шатны байгууллагууд оролцох гэхчлэн анхаарах зайлшгүй шаардлагатай зүйлс нэлээдгүй бий.
Тиймээс Засаг дарга С.Батжаргал төр, хувийн хэвшлийн бүхий л байгууллагад хамаарах, оролцоо, хандлагыг нь өөрчлөх зорилгоор А/228 тоот захирамжыг гаргасан. Захирамжид холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн авч хэрэгжүүлэхээр тусгасан 5 ажил арга хэмжээг хүргэж байна.
- Нэгдүгээрт, хөгжлийн бэрхшээлтэй хүнд саадгүй дэд бүтэц, нийтийн тээвэр, мэдээллийн хүртээмжийг бий болгох, нэмэгдүүлэх, барилга байгууламж төлөвлөх, барьж байгуулах хүлээн авахдаа “Иргэний барилга, төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай орчин, үндсэн шаардлага “MNS 6055:2009”, Явган хүний зам талбай төлөвлөлт, техникийн шаардлага “MNS 6808:2019” стандартуудыг хангуулах,
- Хоёрдугаарт, Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйл заалтыг хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ шаардлагад үндэслэн мэргэжил, мэргэшил, ур чадварт тохирсон ажлын байраар хангах,
- Гуравдугаарт, Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах, хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, үнэлэх, урьдчилан сэргийлэх, эмлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх,
- Дөрөвдүгээрт, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бүх шатны боловсролд тэгш хамруулах, тэдний тусгай хэрэгцээнд нийцсэн сургалтын орчин, нөхцлийг бүрдүүлэх, стандартын хэрэгжилтийг хангуулах,
- Тавдугаарт, Байгууллага бүр хөгжлийн бэрхшээлтэй хүнд тэргүүн ээлжинд үйлчилгээг үзүүлэх, барилга, налуу зам, хаалга, шат, ариун цэвэр, эрүүл ахуйн ззориулатттай өрөө зэргийг стандартад нийцүүлж бий болгоход санал, санаачилга гарган хэрэгжүүлж ажиллахыг аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төсөвт, орон нутгийн өмчит, хувийн хэвшлийн нийт байгууллагууда үүрэг болгож, холбогдох албан тушаалтнуудад захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, анхаархыг үүрэг болгосон билээ.
Төр, хувийн хэвшлийн байгууллагууд дээрх асуудалд анхаарч, хамтын хүчээр шийдвэрлэж чадвал хөгжлийн бэрхшээлтэй иргэндээ ээлтэй орчныг бүрдүүлж чадна гэж үзэж байна. Эх сурвалж: Орхон аймгийн ЗДТГ-ын Мэдээллийн төв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.