“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ 2500 ИРГЭНИЙГ “ЭРДЭНЭТ МЕДИКАЛ” ЭМНЭЛЭГТ ЭРҮҮЛ МЭНДИЙН НАРИЙВЧИЛСАН ШИНЖИЛГЭЭ, ҮЗЛЭГ ОНОШИЛГООНД ХАМРУУЛАХААР БЭЛТГЭЛ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙГАА БӨГӨӨД 690 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг даргын үүрэг гүйцэтгэгч М.Түмэнжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх, Нийгмийн харилцааны албаны дарга Д.Өнөбат нараар ахлуулсан, хоёр талын холбогдох газар, хэлтсийн удирдлагууд 2023 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, ойрын хугацаанд хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн хэлэлцлээ. Өнгөрсөн онд дөрвөн бүлэг 14 ажил хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 12 ажил нь 100 хувь, хоёр ажил нь 70-80 хувийн биелэлттэй явааг энэ үеэр мэдээлсэн.
Энэ удаагийн уулзалтын цөм асуудал нь орон сууцны 1А хорооллын инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн ажлыг эцэслэхэд үнийн өсөлтөөс үүдэлтэй дутагдсан хөрөнгийг шийдвэрлэх байсан юм. Энэхүү бүтээн байгуулалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 12.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, нийгмийн хариуцлагатай үйлдвэрийн хувьд тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэж, Бурхан багшийн сэрэг дүр орчмын бүтээн байгуулалт болох Соёл, спортын “Эрдэнэт” цогцолборын ажлыг урагшлуулах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг аймгийн удирдлагуудаас хүсэж, хамтран гарц шийдэл хайж хэлэлцсэн юм.
Энэ үеэр орон сууцны 1А хорооллын дэд бүтцийн ажлын явцын талаар Орхон аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны дарга П.Баясгалан мэдээлэл хийсэн юм. Тус хорооллын инженерийн шугам сүлжээний ажлыг “Би Энд Би” ХХК, замын ажлыг “Өлзий хутгийн наран” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор үерийн хамгаалалтын үндсэн зургаан хэсэг бүхий шугам, ариутгал татуургын 690 м, гадна дулаан, усан хангамжийн 720 м шугамын ажил бүрэн дуусжээ. Харин ус, дулаан дамжуулах төвийн барилга угсралт 100 хувийн гүйцэтгэлтэй, тоног төхөөрөмж нь БНХАУ-д захиалгаар хийгдэж байгаа бол авто замын ажлын гүйцэтгэл 37.3 хувьтай явааг хэлсэн. Талууд орон сууцны 1А хорооллын инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг байгуулах ажилд Үндэсний аудитын газраар гүйцэтгэлийн аудит хийлгэж, дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн энэ асуудлыг дахин хэлэлцэхээр шийдвэрлэв.
Мөн Эрдэнэт үйлдвэр цагаан тоосны нөлөөллийн бүс болох Жаргалант сум, Говил, Баянцагаан баг, вокзалын хэсгийн өрх бүрээс нэг хүн гэсэн зарчмаар 2500 иргэнийг “Эрдэнэт медикал” эмнэлэгт эрүүл мэндийн нарийвчилсан шинжилгээ, үзлэг оношилгоонд хамруулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаагаа хуралд танилцуулсан. Үүнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 690 сая төгрөг зарцуулах юм. Энэхүү ажлыг үйлдвэрийн ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгээс урьтаж, 3-р сарын 01-ээс өмнө амжуулахаар тохиролцов.
Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар байгуулсан зам, тухайлбал Эрдэнэт-Хялганат чиглэлийн замын ашиглалт, засвар үйлчилгээг эзэнтэй болгох, улмаар улсын чанартай болгох саналыг Зам, тээврийн хөгжлийн яаманд хүргүүлэхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх Орхон аймгийн удирдлагуудад зөвлөсөн юм. Харин Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат хамтын ажиллагаа өргөжиж, үр дүнтэй хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, эзгүй талд илгээлтийн эзэд ирж, их бүтээн байгуулалт эхлүүлсний 50 жилийн ойг аймгийн баяр наадмын үеэр тэмдэглэхэд дэмжлэг үзүүлэх, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын анхны монгол орлогч Д.Лхагвасүрэнгийн нэрэмжит гудамжтай болох зэрэг ажилд хамтрах санал тавьсныг зарчмын хувьд дэмжсэнээр уулзалт өндөрлөв.
Эх сурвалж: ErdenetToday.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.