“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Уурхайчин эмэгтэйчүүд шилдгүүдээ тодрууллаа
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, “Март 8”-ны баярыг угтаж, Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, Эмэгтэйчүүдийн холбоо хамтран уурхайчин эмэгтэйчүүдэд зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа. Үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн бүсгүйчүүдийн төлөөлөл болсон 400 гаруй бүсгүй цэцэг адил улаан, цагаан өнгөөр ижилсэн гоёж үйл ажиллагаанд оролцсон нь хараа булаам, гоёмсог орчныг бүрдүүлсэн юм. Тэд Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчдийн тусгайлан бэлтгэсэн баярын концерт үзэж, улаан сарнайгаар угтуулсан хүндэтгэлийн цэнгүүнд оролцож, шилдгүүдтэйгээ хамт дуулж, бүжиглэн нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ.
Энэхүү хүндэтгэлийн нэгдсэн үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ-ын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга, Монголын эмэгтэйчүүдийн холбооны салбар Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Х.Оюунтунгалаг, Залуучуудын Холбооны тэргүүн Г.Чимэдлхам нарын албаны хүмүүс оролцож, бүсгүйчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлж, шилдгүүдэд шагнал гардуулав. “Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ-ын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга, Монголын эмэгтэйчүүдийн холбооны салбар Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Д.Үүрийнтуяа хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ, Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтны 34 хувийг эмэгтэйчүүд эзэлж, уул уурхайн хүнд үйлдвэрт эрчүүдтэй эн зэрэгцэн ажиллаж байгаа нь дэлхийн уул уурхайн компаниудтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Цаашид Эрдэнэт үйлдвэрийнхээ бүтээмжийг өсгөх гол зүрх болсон үндсэн цехүүд дээр, ялангуяа шинжлэх ухаан, инновац технологийн чиглэлд, мөн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд удирдлагын багт ажиллаж байгаа эмэгтэй удирдлагын хувьд Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран тодорхой бодлого хэрэгжүүлж ажиллана гэдгээ онцлон илэрхийлсэн.
Энэ үеэр 2023 онд салбартаа өндөр амжилт гаргаж, үр бүтээлтэй, манлайлал-зөв үлгэрлэлтэй ажиллаж, мэдлэг чадвар, авьяас билиг, хичээл зүтгэлээрээ бусдыгаа манлайлсан есөн эмэгтэйг Эрдэнэт үйлдвэрийн “Оны шилдэг эмэгтэй”-гээр өргөмжилж, шагнал гардууллаа. 2023 оны шилдэг эмэгтэйгээр Хуулийн хэлтсийн Тэргүүлэх хуульч Зоригийн Жаргалмаа, Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн хяналтын оператор Ёндонсамбуугийн Золжаргал, Дулааны цахилгаан станцын инженер Ганболдын Гантуяа, “Эрдэнэт” сувиллын цогцолборын их эмч Хишигтийн Хулан, Ил уурхайн ажилтан Намнандоржийн Нандинцэцэг, Автотээврийн цехийн диспетчер Төмөр-Очирын Батцэцэг, Тээвэр, ложистикийн төвийн агуулахын эрхлэгч Бадарчийн Золзаяа, Цахилгаан цехийн тусгай лабораторийн хэсгийн туршилт, хэмжилтийн монтёр Бэлэгдэмбэрэлийн Цогт-Очир, Оёдлын цехийн чанар шалгагч Банзрагчийн Ууганцэцэг нар шалгарав. Мөн Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооны “Хүндэт тэмдэг”-ээр Цахилгаан цехийн шуурхай үйлчилгээний ээлжийн монтёр Б.Уянга, ХМТАЦ-ийн лаборант Х.Орхон, ААҮЦ-ийн нярав Ж.Өлзийбүрэн, БЗЦ-ийн засал чимэглэлчин Б.Хундалай, БҮ-ийн засварчин Т.Мөнхмандах нарын 15 хүн шагнуулсан бол “Дурсгалын тэмдэг”-ээр Геологи, хайгуулын экспедицийн нярав Б.Баасансүрэн, ЗМЗ-ын нарийн хэмжүүрийн засварчин Д.Оюун-Эрдэнэ, СШХ-ийн хөвүүлэн баяжуулагч Т.Энхжаргал нарын есөн ажилтан энгэрээ мялаасан юм.
Эх сурвалж: Erdenettoday.mn /Сэтгүүлч М.Одгэрэл, гэрэл зургийг Б.Баттөгс/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.