ЭРДЭНЭТ ХОТ – ЭНЭ ДОЛОО ХОНОГТ
ЭРДЭНЭТ ХОТ – ЭНЭ ДОЛОО ХОНОГТ
Шинэ долоо хоног, шинэ сартай зэрэгцэн их хотын амьдрал өрнүүн эхэллээ. Энэ долоо хоногт шинэ хичээлийн жил эхэлж 100 дахь удаагийн 9 дүгээр сарын 1 тохиолоо. Эх орон даяараа өвчний эрсдлийг тооцоолж байгаа ч эцэг эх, багш сурагчдын хариуцлага, итгэл үнэмшил дор ийнхүү сургууль, цэцэрлэг үүдээ нээж байна.
МОНГОЛ УЛС ПАРАЛИМПИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО.
Мөн өнгөрч буй долоо хоногийг Монголчууд бид паралимпийн аваргатай болсон сайхан мэдээгээр эхлүүлсэн. МУГТ Энхбаярын СОДНОМПЭЛЖЭЭ нь Эрдэнэт хотын унаган хүүхэд гэдгээр Эрдэнэтчүүд бид илүүтэй омогшсон. Тэрээр хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон 32 дахь удаагийн зуны олимп “Токио-2020” наадмын паурлифтингийн дэвжээнээ 245 кг-ыг өргөснөөр паралимпын рекордыг шинэчлэн тогтоож Монгол улсын анхны хос медальтан тамирчин боллоо.
ЭРДЭНЭТИЙН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЖ ӨРГӨТГӨХ АЖЛЫН НЭЭЛТ БОЛЛОО.
Монгол улсын эрчим хүчний салбарт томоохон онцлох үйл явдлаар нэрлэгдэх Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг СС-35МВт-ын турбогенератороор өргөтгөх төсөл амжилттай дуусч энэ долоо хоногт ёслолын ажиллагааг зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд эрчим хүчний сайд Н.Тавинбэх, УИХ-ын гишүүн Д.Батлут болон холбогдох албаны зочид төлөөлөгчид мөн төслийн гүйцэтгэгч “Hunan industrial equipment” гүйцэтгэх захирал Ху Ли Юань хүрэлцэн ирж оролцлоо.
Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаар эрчим хүчний нийт 16 эх үүсвэрийг шинээр барих зорилт тавьсны нэг нь энэхүү өргөтгөлийн ажил юм.
Цаашид өсөн нэмэгдэж буй цахилгаан дулааны хэрэгцээг хангахад, 2021-2022 оны өвлийн ачааллыг авахад энэ өргөтгөл хувь нэмрээ өгөх ёстой. Ойролцоогоор 2 аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг шинээр үйлдвэрлэх боломжтой болж байгаа гэдгийг салбарын сайд онцоллоо. Өргөтгөлийн ажлыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр буюу нийт 140 тэрбум төгрөгөөр барьж байгуулсан байна. Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хүчин чадал 2 дахин нэмэгдсэнээрээ бүтээн байгуулалтын ажил явагдах хангалттай боломж бүрдэж байгаа юм гэдгийг Орхон аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ дурдсан.
УДААШИРАЛТАЙ ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ АЖИЛ ИРГЭДИЙГ ХОХИРООЖ БАЙНА.
Нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой олон чухал үйл явдлын дундуур зарим асуудлууд анхаарал татлаа. 2021 онд Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад зориулсан Москва-300, Уурхайчин – 1,2 барилгын ажил эхэлсэн. Эдгээр орон сууц руу дулааны шугам сүлжээ татахын тулд Эрдэнэт хотын 1,2-р микрийн дундуур өнгөрдөг дулааны төв шугамыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай болж засварын ажлыг “Тавин лан” ХХК гүйцэтгэж эхлээд 2 сарын хугацаа өнгөрч байна.
Энэ хугацаанд айл өрхүүдийн хэрэглээний халуун ус бүрэн тасарсан, зарим өдрүүдэд хэрэглээний цэвэр усыг хязгаарлахдаа тогтоосон хугацаанаасаа хэтрүүлж байгаа нь иргэд болон албаны хүмүүсийг бухимдахад хүргэж байна.
Шалтгаан нөхцлийг тодруулахад гүйцэтгэгч тал бараа материал татан авалтаа буруу тооцолж хил гааль дээр удааширсан гэсэн тайлбарыг өгч байв. Ийнхүү аймаг, орон нутгийн удирдлага, үйлдвэрийн удирдлагууд газар дээр нь ажиллаж бодит нөхцөл байдлыг хэдэнтээ хэлэлцэв.
Аймгийн зүгээс иргэдийн эрхийг яаралтай хангах чиглэлийг өгч байгаа бол үйлдвэрийн зүгээс хотын хэмжээнд нэг удаа чанартай хийгдэхэд цаашдаа олон жил үр өгөөжөө өгөх ажилд хүлээцтэй байх санааг олон нийтэд илэрхийлж байв.
Эхний ээлжинд таслалт хийгдсэн айл өрхүүдийн халуун усны хэрэгцээг 9 дүгээр сарын 8-нд багтаан хангах, цаашлаад шугам засварын ажлыг 9-р сарын 15-ний дотор дуусгах үүргийг аймгийн Засаг дарга өглөө.
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ӨРГӨТГӨЛ БҮХИЙ ААН-ҮҮДЭД МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЛЭЭ.
Хотын хөгжлийн мөнхийн асуудал болсон орон сууцны өргөтгөлийг ямар ч албан тушаалтан үр дүнтэй шийдэж чадаагүй л байна. Үр дагавар нь хотын шугам сүлжээ, иргэдийн тав тухтай амьдрах нөхцөлд очиж нөлөөлдөг учраас заавал шийдэх нь зүйн хэрэг юм. Тэгвэл хотын захирагчийн албаны дарга С.Ганцогт зөвшөөрөлгүй өргөтгөл бүхий албан газруудад мэдэгдэл хүргүүлж албадан буулгах хүртэл арга хэмжээ авах болсон шийдвэрийг онцолж байна.
Манай хот 2015 оноос хойш 50 удаагийн өргөтгөлд зөвшөөрөл олгосон албаны мэдээлэл байна. Гэвч өнөөдрийн байдлаар зөвхөн 1, 2, 3-р микрт хийсэн тооллогоор 460 орчим зөвшөөрөлгүй өргөтгөл байгааг мэдээллээ. Үүнээс 170 нь үйлчилгээний зориулалтаар бол бусад нь хувийн эрх ашгийн үүднээс нийтийн эзэмшлийн талбайд халдаж өргөтгөл барьжээ.
Мөн инженерийн шугам сүлжээ дайруулсан, дулааны хоолойн дээгүүр өргөтгөл гаргасан зэрэг ноцтой зөрчилтэй 56 обьектийн судалгааг гаргасан байна. Энэхүү хатуу мэдэгдлийн хэрэгжилт 10 дугаар сарын 07-ны дотор явагдах бөгөөд хэрхэн үр дүнд хүрэхийг тун удахгүй харах нээ.
ОРХОН АЙМГИЙН ХҮН АМЫН 5,7 ХУВЬ ХАЛДВАР АВЧЭЭ.
Онцгой комиссын мэдээллийг сэтгэл түгшин сонсдог байсан цаг ард хоцорсон мэт. Иргэд, аж ахуй нэгжүүд, бизнесийн хүрээнийхэн энэхүү өвчинтэй дасан зохицож нийгмийн амьдралаа явуулах шаардлага тулгарсныг хэдийнээ ойлгосных биз ээ. Хэдий тийм ч Орхон аймгийн онцгой комисс хурлаа зохион байгуулж иргэдэд мэдээллээ хүргэсээр байна. Манай аймгийн хувьд 1 , 2-р тун вакцинд хүн амын 90 хувь хамрагдсан гэсэн мэдээллийг хүргэж байна. Түүнчлэн хичээл сургуулийн үйл ажиллагаа идэвхижиж, иргэдийн бөөгнөрөх хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор Коронавируст халдварын тоо нэмэгдэх хандлагатай байгааг иргэддээ сануулж байна. Мөн вирусын Дельта хувилбар халдварлах чадвар өндөр гэдгийг ч дахин сануулж сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
ВАКЦИНЫ 3-Р ТУНГИЙН НЭМЭЛТ ВАКЦИНЖУУЛАЛТЫГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ.
- Боловсролын байгуулагын багш, ажилтан
- 55-аас дээш насны иргэд
- В,С вирусын архаг халдвартай, дархлаа дарангуйлах гемодиализ, эмчилгээнд хамрагддаг иргэд
- Хөхүүл, жирэмсэн үедээ вакцинд хамрагдсан ээжүүд
- Ковид-19 хариу арга хэмжээний багийн гишүүд
- Хүндэтгэх шалтгаантай зорилтот бүлгийн иргэд
Файзер үйлдвэрийн – Комирхети
Синофарм – Cor V вакцинаас сайн дурын үндсэн дээр сонгон хийлгэнэ.
Мөн 2-р тунгаа хийлгэснээс хойш 3 сарын хугацаа өнгөрсөн бол хийлгэх боломжтой, мөн Ковид-19 өвчлөөд эдгэсэн бол вакцин хийлгэхгүй гэдгийг онцгой комиссын хурлаар нийтэд мэдээллээ.
9 сарын 6,7,8-нд хэрэглээний ХАЛУУН УС тасарна
Эрдэнэтийн дулааны цахилгаан станцаас 2021 оны 09 сарын 06-ны өдөр төв шугам өргөтгөхтэй холбоотой нягтын туршилт хийх, 9 сарын 7-,8-ны өдрүүдэд Уурхайчин хорооллын шугам өргөтгөл, шинэчлэлийн холболтын ажлууд хийгдэх тул хотын хэмжээнд 9 сарын 6,7,8-ны өдрүүдэд хэрэглээний халуун усыг хязгаарлах болсныг “Эрдэнэт-Ус” ДТС ОНӨХК-аас анхаарууллаа.
17-Р СУРГУУЛИЙН БАРИЛГАД БОРООНЫ УЛМААС СУУЛТ ҮҮСЧЭЭ.
Шинэ хичээлийн жилийн нээлт, хүүхдүүдийн баяр хөөртэй зэрэгцэн Орхон аймгийн 17-р сургуулийн барилгад их борооны улмаас суулт өгч, хана тааз ан цавтай, шал цөмөрсөн аюултай нөхцөл байдал үүсээд байна. Тус барилга нь 2016 оны 12 сард ашиглалтанд орж байсан. Энэхүү ажлыг орон нутгийн 2,3 тэрбум төгрөгөөр “Урагшлах” ХХК гүйцэтгэж байжээ.
Одоогийн байдлаар аймаг орон нутгийн холбогдох мэргэжлийн байгууллагууд нөхцөл байдлын үнэлгээ хийн ажиллаж байна. Мөн шийдвэр гаргах түвшний хүмүүс яаралтай хуралдаж компанын удирдлагуудтай холбогдох арга хэмжээг авч эхэлжээ. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн зогсоож сурагчдын хичээлийг цахим хэлбэрт шилжүүллээ.
Энэхүү болсон явдалд иргэд төрийн ажил хэрхэн яаж явагдаж байгааг, хяналт хариуцлага хаана байгааг нэхэж бухимдаж байна. Тухайн үед барилгыг хүлээн авсан бүх албаны хүмүүст хариуцлага тооцуулахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.
БАРИЛГАЧДЫН БАЯР ТОХИОЖ БАЙНА.
Газарт гагнагдаж тэнгэрт тэмүүлсэн их бүтээн байгуулалтын эзэд болсон барилгачдын баяр, Монгол улсад орчин цагийн барилгын салбар үүсч хөгжисний 95 жилийн ой тохиож байна. Энэхүү ойн баярыг тохиолдуулан Орхон аймгийн Засаг дарга шагнал гардуулах ёслолыг зохион байгуулав.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.БАТЛУТ ЭРДЭНЭТ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА.
УИХ-ын 20-р тойрог, Орхон аймгаас сонгогдон гарсан гишүүдээс хамгийн нэр төртэй ажиллаж буй гишүүн Д.Батлут энэ долоо хоногт Эрдэнэт хотноо УИХ-ын ажлын хэсгийг ахлан ирсэн байна.
Энэ удаагийн зорилго нь Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, эрүүл мэндийн байгууллагын ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах зэрэг өргөн хүрээнд ажиллах зорилготой. Мөн холбогдох алба хэлтсийн төлөөллүүдийг хамруулан хэлэлцүүлэг зохион байгуулж 21 аймаг, дүүргүүдийн бүх шатны эмнэлэгийн удирдлагуудтай цахим хурал хийжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.