“ЗАЛГАМЖ” ХӨТӨЛБӨРИЙН АЖИЛЛАГСАД БАТЛАМЖ ГАРДАВ
Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд Хүний нөөцийн цогц бодлого хэрэгжиж байна. Үүний нэг нь “Залгамж” хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд багш,шавийн гэрээний батламжийг зарим ажиллагсдад гардуулан өглөө. Уг хөтөлбөрт үйлдвэрийн бүтцийн нэгжийн 100 гаруй ажилтан хамрагдаж байгаа юм. Одоогоор багш, шавийн гэрээг нийт 36 ажилтантай хийж, батламжийг нь гардуулжээ. Залгамж хөтөлбөрийн зорилго нь үйлдвэрийн газрын тогтсон соёл, олон жилийн ажлын арвин дадлага туршлага, ур чадвараа ахмад ажилтнууд шавь нартаа өвлүүлэхэд оршиж байна. Энэ удаа хөвүүлэн баяжуулагч Ч.Моломдаш, насосны машинч Н.Отгонтуяа, конвейерийн машинч С.Лхагвасүрэн, нарийн хэмжүүрийн засварчин Г.Бат-Амгалан нар шавь М.Мөнхгэрэл, Б.Бадамцэцэг, Н.Бадмаараг, Б.Бархас нартайгаа багш, шавийн гэрээ байгуулж, дурсгалын зураг татууллаа. Эдгээр ажиллагсдад Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон, Чанар хяналтын хэлтсийн дарга О.Эрдэнэбат нар баяр хүргэн,ажлын өндөр амжилт хүсэн ерөөв. “Залуус” хөтөлбөрийн талаар Баяжуулах үйлдвэрийн Хүний нөөцийн Тэргүүлэх мэргэжилтэн Т.Тунгалагтамир:” “Залгамж” хөтөлбөрийн нэг онцлог нь бүтцийн нэгжүүд энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тодорхой хугацаанд шавь нь багшийнхаа эрдэм мэдлэг, ур чадвараас суралцах боломжтой. Уг хөтөлбөрт үйлдвэрийн хэмжээнд 89 ажилтан хамрагдана. Хөтөлбөрийн хүрээнд Үндэсний сэтгэл судлалын төвтэй хамтран ганцаарчилсан болон бүлгийн сургалт зохион байгууллаа. Мөн олон жил үйлдвэрт ажиллаж, өөрийн эрдэм мэдлэгээ зориулсан ахмад ажилчид гавьяаныхаа амралтад гараад амьдралын ямар зөв хэвшлийг бий болгох, сэтгэл зүйн хувьд ямар бэлтгэлтэй байх талаар сургалт авсан. Ахмадуудаа алдаршуулах зорилгоор “Өнөөгийн Эрдэнэт”сонин, “Эрдэнэт телевиз”-ээр сурталчилж байна. Түүнчлэн багш, шавь хэрхэн хамтран ажиллах талаар хөтөлбөр гаргасан. Тухайн цехийн “түлхүүр”ажилчид энэ хөтөлбөрт хамрагдсан. Өөрөөр хэлбэл, Баяжуулах үйлдвэрт хөвүүлэн баяжуулагч, конвейерын болон насосны машинч, тээрмийн машинч гэх мэт. Нөгөө талаар чөлөөндөө гарсан ахмадуудын мал аж ахуй, газар тариалан эрхлэх зэрэг амьдралын туршлагаас суралцаж эерэг хандлагыг залууст өвлүүлэх зорилготой ажиллаж байна. Энэ хөтөлбөрт идэвхтэй оролцож буй хүмүүст урамшууллын мөнгө олгоно. Мөн гавьяаныхаа амралтад гарч буй ахмад ажилтнууддаа талархлын дурсамж,бэлгийн багц өгдөг. Оны эхний есөн сарын байдлаар 170 гаруй хүнд дурсамж, бэлгийн багц гардуулаад байна” хэмээв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.