Г.ЁНДОН: АЖИЛТНУУДАА СОНСОЖ, ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА
Удирдлагууд, ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, бие биеэ хүндэтгэж, ойлгож хамтран ажиллахыг хүсэж байгаагаа Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон захиргааны газар, хэлтсүүдтэй уулзах үеэр онцоллоо. Тэрээр, ерөнхий захиргааны гэж нэрлэдэг Эдийн засаг, Санхүү, нягтлан бодох бүртгэл, Хууль, Дотоод аудит, Маркетинг, Гадаад харилцаа, экспорт, Бараа, материал худалдан авах ажиллагаа, Хүний нөөц, захиргааны хэлтэс болон Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газар, Нийгмийн харилцааны газрын үйл ажиллагаатай танилцаж, ажилтнуудтай нь уулзсан юм. Ерөнхий захирал дээрх газар хэлтсүүдийн чиг үүрэг, өнөөгийн байдал, хүндрэл бэрхшээл дагуулж буй асуудлууд, цаашдын зорилтын талаар сонссоны дараа ажилтнуудын санал хүсэлт, асуултад хариулт өгсөн. Мөн тухайн газар, хэлтсүүдийн ажлын онцлогт нь нийцүүлэн цаашид сайжруулах, анхаарах чиглэлд санал дүгнэлт хэллээ. Хоорондын уялдаа холбоог нягтруулж, өөр өөрсдийн чиглэлээр цех нэгж, ажилтнуудад зориулсан уулзалт хийж, мэдээлэл солилцож, зөвлөж ажиллахыг давхар анхааруулсан. Хууль, Дотоод аудитын хэлтсүүд ажилтнууддаа хуулийн мэдээлэл, гаргалгаа гаргаж өгөх, Маркетингийн хэлтэс, зах зээлийн үнэ ханшийн судалгааг маш бодитой хийх, Худалдан авах ажиллагааны газрынхан уурхайн мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсож, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх шаардлагатайг сануулав.
Уурхайчны хөдөлмөр маш хүнд нөхцөлд өрнөдөг ажил. Ийм учраас тэдний ажил амралтыг зохицуулах, үр өгөөжтэй, ая тухтай чөлөөт цагийн хөтөлбөр хэрэгжүүлэх гэх зэргээр нийгмийн олон талт асуудлыг шийдвэрлэхийн тулд Эрдэнэт үйлдвэр нийгмийн чиглэлд хөрөнгө оруулж, тодорхой зардал гаргаж ажилладаг. Ингэх нь зүй ёсны хэрэг гэдгийг Ерөнхий захирал Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын танилцуулга мэдээллийн дараа онцолсон. Нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрийн харьяаны цех, нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжиж, зарим худалдан авалттай холбоотой асуудлыг хууль дүрэмтэй уялдуулан хялбаршуулах, эдийн засаг санхүүгийн үр ашиг, зардлыг тооцож үзэх зэргээр олон талаас нь судалж, санал төлөвлөгөө боловсруулж ажиллах чиглэл өглөө. Түүнчлэн нэгэнт баригдаад эхэлсэн Ногоон хөгжлийн төв, “Эрдэнэт” соёл, спортын цогцолбор зэрэг бүтээн байгуулалтыг цаашид хэрхэн зардал багатай, үр өгөөжтэй ажиллуулж авч явах вэ, гэдгийг хамтран ярилцаж, оюун санаагаа уралдуулж, зөв оновчтой шийдэл гаргахыг санал болгов. Мөн “Эрдэнэт медикал” эмнэлэг, “Эрдэнэт” сувиллын цогцолборын үйл ажиллагааг нарийвчлан судалж, давхардсан ажил үйлчилгээг нэгтгэх, зардал бууруулах боломж гэх зэрэг асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллахыг холбогдох удирдлагуудад үүрэг болголоо. Эрдэнэт үйлдвэр, аймаг орон нутагтай байгуулах хамтын ажиллагааны гэрээ болон сүүлийн үед хамгийн их хүндрэл үүсгэж буй “Уурхайчин-2” хорооллын асуудал, зэрэгт анхаарал хандуулж, яаравчлан гарц, шийдэл гаргаж ажиллахыг анхааруулсан.
Эх сурвалж: erdenettoday.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.