“Шинэ сэргэлтийн бодлогыг аж үйлдвэрлэлийн салбарт эрчимжүүлэх нь” форум болж байна
Шинэ сэргэлтийн бодлогыг Аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх нь форум яг одоо УСо- нд зохион байгуулагдаж байна.
УИХ-ын гишүүн Д.Батлут: Энэхүү форумыг санаачлагч, зохион байгуулагч, хамтран оролцогч, зочид, төлөөлөгчид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 12 дугаар сард болсон Монгол Ардын Намын 30 дугаар их хуралд илтгэл тавихдаа Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулж улмаар УИХ-аар баталж төрийн бодлого болон хэрэгжиж байна.
Энэхүү бодлого нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх гол суурь, нөхцөл нь болохын зэрэгцээ хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлүүдийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилготой юм.
Шинэ сэргэлтийн бодлого нь 1. хилийн боомтын сэргэлт, 2) эрчим хүчний сэргэлт, 3) аж үйлдвэржилтийн сэргэлт, 4) хот, хөдөөгийн сэргэлт, 5) ногоон хөгжлийн сэргэлт, 6) төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн 6 зорилтод чиглэсэн бөгөөд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх тусгай бодлого гэдгээрээ онцлог юмаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нийгэм, байгаль орчин, засаглалын бодлого бус юуны өмнө эдийн засгийг хөгжүүлэх зорилгыг онцгойлон авч үзсэн.
Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд 57 их наяд, бүрэн шийдвэрлэхэд нийт 100-120 орчим их наяд төгрөг шаардлагатай. Бодлогыг арван жилийн хугацаанд бүрэн хэрэгжүүлнэ.
Тэгвэл энэхүү бодлогыг хэрэгжүүлэх ажлын их гарааны өмнө Эрдэнэт үйлдвэр аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд хийх ажлуудаа эрчимжүүлэхээр форум зохион байгуулж байгаад талархаж байна.
Аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлогын хүрээнд нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулах, Эрдэнэтийн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр, Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн үйлдвэр, Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр болон түүхий эд татан авах дэд төвүүдийг байгуулахаар төлөвлөсөн. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрээ яаралтай ашиглалтад оруулах гээд аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал, өндөр технологи, блокчейн, хиймэл оюуны ололтыг нэвтрүүлж, дижитал эдийн засгийн чиг хандлагад нийцүүлэн аж үйлдвэржилтийн бодлогоо шинээр тодорхойлоод байна.
Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлснээр боомтын хүчин чадал 3 дахин, экспортлох бүтээгдэхүүний хэмжээ 2 дахин, Эрчим хүчний чадал 2.5 дахин нэмэгдэж, хөгжлийн мега төслүүд бодитой хэрэгжих суурь нөхцөл бүрдэнэ. Шинэ сэргэлтийн бодлогын үр дүнд 2025 он гэхэд 285 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, Улаанбаатарыг зорьсон их нүүдэл багасаж, хөдөө орон нутагт өндөр цалинтай ажлын байр олноор бий болж, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил хангагдана. Ийм үр дүнг бий болгохын төлөө, үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийн тулд өнөөдрийн энэхүү форум зохион байгуулагдаж байгаад баяртай байна.
Тиймээс форумыг зохион байгуулагч, хамтран оролцогч, зочид төлөөлөгчид та бүхэнд дахин амжилт хүсье.
Баярлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.