ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО-ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР-ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ
Монгол Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас санаачилан Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулан “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫГ АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ” сэдэвт форумыг 2022 оны гуравдугаар сарын 10, 11-ний өдөр Орхон аймагт зохионбайгуулж байна.
Форумд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Авилгатай тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар болон төв, орон нутгийн төрийн болон бусад байгууллагуудын төлөөлөл оролцож, хөгжлийн томоохон төсөл хөтөлбөр, их бүтээн байгуулалтууд, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хууль эрх зүйн шинэчлэл, нийгэм, эдийн засгийн олон чухал асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Форумыг нээж, Монгол Улсын баатар Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үг хэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Д.Батлут, Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал форумд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ.
Монгол Улсын Засгийн газраас боловсруулж, УИХ-аасбаталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд орон нутагт тэр дундаа Эрдэнэт үйлдвэрийн санаачилгаар зохион байгуулж буй форумын үдээс өмнөх хөтөлбөрт Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо “Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулан хууль, эрх зүйн шинэчлэл”, Эдийн засгийн хөгжлийн яамны газрын дарга Д.Эрдэнэбаяр Шинэ сэргэлтийн бодлого аж үйлдвэрийн салбарт хэрэгжих нь, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл “Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн өмчит компаниудын үүрэг, оролцоо”, ЗТХЯ-ын газрын дарга Д.Гэрэлням “Коронавируст халдварын цар тахлын үед үүссэн тээвэр, ложистик, хил гаалийн нөхцөл байдал боомтын сэргэлт”, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавяьат ажилтан Х.Бадамсүрэн “Эрдэнэт үйлдвэрийн өчигдөр, өнөөдөр, маргааш,” сэдвээр илтгэл тавьлаа.
Үдээс хойш их бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа сэдвийн хүрээнд СЯ-ны худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул “Шинэ сэргэлтийн бодлогыг аж үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэхэд худалдан авах ажиллагаа, хууль эрх зүйн орчны өөрчлөлтүүд”, АТГ-ын албаны дарга дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатар “Худалдан авах ажиллагааны хяналт, хариуцлага”, УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяа “Шинэ сэргэлтийн бодлогод Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн шинэчлэл” сэдвээр илтгэл тавьсан.
Эрдэнэт үйлдвэрийн Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга Б.Бямбадагва “Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаа”, Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх “Их бүтээн байгуулалт томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд үүссэн сорилтууд цар тахлын нөлөө”, Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа “Томоохон төслүүдийн үр өгөөж, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө” сэдвээр Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаатай холбоотой цогц мэдээллийг форумд оролцогчдод хүргэсэн. Илтгэл тус бүрт хэлэлцүүлэг өрнүүлж, шинэ сэргэлтийн бодлогыг аж үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх чиг баримжаагаа тодорхойлж, уриалга гаргаж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь үйлдвэрийн газрыг 2031 онд хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлдээ тусгагдсан нэмүү өртөг шингэсэн эцийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрийн газрын тогтвортой хөгжлийг хангах, өртөг зардал бууруулах, эдийн засгийн өндөр ашиг бүхий томоохон төсөл хөтөлбөрүүдийг 2018 оноос хэрэгжүүлж эхлээд байна. Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлого нь үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, олборлолт, боловсруулалтын үндсэн болон бусад техник, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн өргөтгөл, шинэчлэлийг байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багатай, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх зэрэгт чиглэдэг. Худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулахдаа Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд ил тод байх, өрсөлдөх тэгш боломжтой байх, үр ашигтай, хэмнэлттэй байх, үйлдвэрийн газрын онцлогт тохирсон байх, үйлдвэрлэгчидтэй шууд хамтран ажиллах, хүний хүчин зүйлээс үл хамааралтай болгох, мэдээллийн технологийн дэвшилтэт аргыг нэвтрүүлэхэд чиглэсэн байдлаар зохион байгуулж байна.
Эрдэнэт үйлдвэр 2022 оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, сүүлийн жилүүдэд хийгдсэн хөрөнгө оруулалтаас хамгийн өндөр үзүүлэлт буюу 900 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийхээр төлөвлөөд байна. Уурхайчид хөгжлийн хэтийн төлөвөө тодорхойлон, тогтвортой хөгжлийн замдаа орсон. Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж байгаа нь Эрдэнэт үйлдвэрт шинэ боломжуудыг олгоно гэж үзэж байна.
Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО” боловсруулж, УИХ-аар батлуулсан. Энэ бодлого нь боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэржилтийн сэргэлт, хот, хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн үндсэн зургаан хөгжлийн зорилтыг дэвшүүлжээ. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого” нь Монгол улсад Аж үйлдвэрийн салбарыг дахин сэргээж, импортыг орлох, нэмүү өртөг шингээсэн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ажлын байр бий болгож, экспортын орлогыг нэмэгдүүлэн, аж үйлдвэрийн салбарыг хөгжлийг шинэ түвшинд гаргана гэж судлаачид үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.