“АРАНЖИН ЦОМ” ЯРУУ НАЙРГИЙН НААДАМД ЯРУУ НАЙРАГЧ ДҮГЭРИЙН ОТГОНБАЯР ТҮРҮҮЛЛЭЭ
“Эрдэнэт хотын болон анхдагч, илгээлтийн эздийн өдөр”-ийг тохиолдуулан Орхон аймгийн Соёл урлагийн газар, Нийтийн номын сан, Монголын зохиолчдын эвлэлийн Орхон аймаг дахь салбар хамтран “Аранжин цом” яруу найргийн наадмыг амжилттай зохион байгууллаа.
Орхон аймгийн Нийтийн номын санд болсон энэхүү яруу найргийн наадамд нийт 30 шахам зохиолчид шүлэг бүтээлээ ирүүлснээс шүүгчдийн үнэлгээгээр шалгарсан 15 яруу найрагч тайзнаа шүлгээ уншиж оролцлоо.
Яруу найргийн наадмыг нээж Орхон аймгийн Соёл урлагийн газрын дарга Аюушийн Уранчимэг үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “Энэ дэлхийд зохиолч нар байхгүй байсан бол тайз, дэлгэц, кино урлаг, жүжиг, дуу гээд олон урлаг байхгүй байлаа” хэмээсэн.
Мөн яруу найргийн наадмын эхэнд МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Бадарчийн Баярмаагийн үгийг нь бичиж, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, МУСТА, хөгжмийн зохиолч Баасанжавын Дамбадаржаагийн аялгууг нь хийж сүүлийн үед хит болоод буй “Эгшиглэнт Эрдэнэт” дуугаар Баянцагаан багийн Соёлын төвийн эрхлэгч МУСТА Сүхбаатарын Мөнхтулга ая дууны дээж өргөлөө.
Найргийн наадам нийт 4 шаттай үргэлжиллээ. Шүүгчдээр МЗЭ-ийн Орхон аймаг дахь салбарын тэргүүн, МЗЭ-ийн шагналт зохиолч Лхагвадоржийн Болдсайхан, МЗЭ-ийн гишүүн, утга зохиолын “Алтан өд” шагналт зохиолч Хандхүүгийн Нямхишиг, МЗЭ-ийн гишүүн, утга зохиолын “Алтан өд” шагналт зохиолч Намжилын Мөнхбаяр нар шүүн явууллаа.
Яруу найргийн наадмын эцсийн дүн гарахад Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын уугуул, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Дүгэрийн Отгонбаяр түрүүлж “Аранжин цом”-ын эзэн боллоо.
Хоёрдугаар байранд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын уугуул “Гүн утга” уран бүтээлийн гишүүн, яруу найрагч Гантөмөрийн Хашбаатар, гуравдугаар байранд МЗЭ-ийн гишүүн “Утга зохиолын төлөө” шагналт Түмэнбаярын Хоролмаа, тусгай байранд Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч Дамбийн Дашдондов, Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул, “Гүн утга” уран бүтээлийн нэгдлийн гишүүн, яруу найрагч Товуусүрэнгийн Амар-Амгалан нар тус тус шалгарлаа.
Яруу найргийн хоёрдугаар шатнаас эхлэн яруу найрагчдын уншсан шүлгийн чанар чансаа, өнгө төрх улам сайжирч өрсөлдөөнтэй боллоо хэмээн үзэгчид дүгнэж байв.
Хөвсгөл, Завхан, Архангай, Говьсүмбэр, Дорнод, Хэнтий гэх мэт бусад аймгууд өөрсдийн гэсэн яруу найргийн наадамтай бөгөөд түүгээрээ дамжуулан нутаг орноо сурталчилах, утга зохиолын хөгжүүлэх, бүх нийтийг соён гэгээрүүлэх ажилд хувь нэмэр оруулдаг.
Орхон аймгийн хувьд цаашид өөрийн гэсэн яруу найргийн наадамтай болохыг зорьж байна.
“Эрдэнэт хотын болон анхдагч, илгээлтийн эздийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулагдсан “Аранжин цом” яруу найргийн наадамд тэргүүн байр эзэлж “Аранжин цом” хүртсэн МЗЭ-ийн шагналт яруу найрагч Дүгэрийн Отгонбаярын шүлгүүдээс хүргэж байна.
Өнөөхөндөө аав нь
Үрсийнхээ төлөө
Залбирхаас бусдыг чадахгүй
Байгаа шиг,
Залбирлыг минь сонсоод
Гийгүүлэх
Бурхан бас харагдахгүй
Байгаа шиг,
Аав ,ээж чинь ч
Харагдахаа больчихно.
Атга атгахан
Шороо болчихно.
Зогссондоо л зогсох
Газар болчихно аав нь!
Суусандаа л суух
Уулс болчихно аав нь!
Хамгийн энгийнээр
Миний хөвгүүдээ
Эх орон
Энэ шүү.
* * *
Нулимсгүй болтлоо эгшиж
Хатсан
Нүд мэт энэ навчсын
Аниастай нүдэнд аниастай
Би...
Аниастай чигээрээ амьдраад л
Байх уу?
Гээгдэж буй өнөөдөртэй
Хамт
Гээгдэхгүй мэт гээгдсээр л байх уу?
Үгүй, үгүй гэвч
Үндсэндээ бол тийм
Үггүй үг би
Үүсгүүргүй гэрэл би.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.