Д.ҮҮРИЙНТУЯА: ХЭМНЭЛТИЙН 105 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗУРЦУУЛНА
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрхэн хэрэгжиж, ямар давуу боломжууд бий болсон, зэсийн үнийн бууралтын үед ямар арга хэмжээ авч ажиллах талаар Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Үүрийнтуяатай ярилцлаа.
-Эрдэнэт үйлдвэр Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллахдаа юунд гол анхаарлаа хандуулж байна?
-Эрдэнэт үйлдвэр Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулаад, түүнийхээ хүрээнд үйлдвэрийн газрын бүтцийн бүх нэгжүүд өртөг зардал бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ. Өртөг зардлаа хэрхэн бууруулж, зардлаа яаж удирдаж, эдийн засгийн үр ашиг гаргах вэ гэдэгт анхаарч, анализ хийж ажилласан. Үүний үр дүн ч гарч байна.
-Үнийн өсөлтөөс үүдэлтэй үйл ажиллагааны явцад томоохон хэмнэлт гаргаж, амжилттай ажилласан. Энэ талаар..?
-Эрдэнэт үйлдвэрээс зарласан тендерт шалгараад гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан зарим аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэж байгаа төсөл арга хэмжээ нь “ковид” цар тахлын нөлөөгөөр хугацаандаа хэрэгжих боломжгүй болж, бараа материалын үнэ тариф, тээврийн зардал өссөнтэй холбоотойгоор гэрээний үнийн дүнд багтааж ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тул Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 74, 75 дугаар тушаалын дагуу үнийн өсөлтийг тооцож өгөх хүсэлтийг 19 аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн Барилга хөгжлийн төвөөр магадлагдсан төсвөөр үнийн өсөлтөд нийт 183 тэрбум төгрөг зарцуулахаар тооцоо гарсан. Барилга хот байгуулалтын сайдын дээрх тушаалуудыг үндэслэн Эрдэнэт үйлдвэр үнийн өсөлт тооцон олгож болох эсэх талаар уг яамнаас тодруулга авсны үндсэн дээр 2022 оны төсөвт тодотгол хийж, 183 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтын зардлыг нэмж төлөвлөсөн. Барилгын тухай хуулиар Барилга хөгжлийн төвөөр магадалсан төсвийг батлагдсан төсөв гэж үздэг. Магадлалаар орсон төсвийн өсөлтийг тооцоход гэрээний үүргийн хэрэгжилттэй холбоотой хугацаа тооцсон эсэх, хил гаалиар оруулсан бараа материалын мэдээлэлд татан авалттай холбоотой баримтууд нийцэж байгаа эсэх гээд олон талаас ирүүлсэн саналуудыг судалсан. Бодит байдал дээр компани болгонд үүссэн нөхцөл байдал өөр өөр байсан тул нотлох баримттай уялдуулан нягтлан шалгах шаардлага үүссэн. Тиймээс бид энэ асуудалд олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагаар тооцоо, судалгаа хийлгэх шаардлагатай байна гэж үзсэн. Ингээд 2023 оны нэгдүгээр сард бид “Кей Пи Эм Жи” Олон улсын аудитын компанитай гэрээ байгуулаад, энэ 19 компанийн материалыг судлуулж, үнийн өсөлт гарах үндэслэл тооцоолол нь бодит нөхцөл байдал, баримт материалтай нийцэж байгаа эсэхийг нягтлуулсан.
-Энэ ажил хэдий хугацаанд үргэлжилсэн бэ?
-“Кей Пи Эм Жи” компанийн ажил үндсэндээ 10 сар үргэлжилсэн. Үүнтэй зэрэгцээд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалаар Ажлын хэсэг байгуулагдан “Кей Пи Эм Жи” компанитай хамтарч, үнийн өсөлтийн хүсэлт ирүүлсэн компаниуд дээр нэг бүрчлэн ажилласан. Зарим компани Арбитрт хандаж, гомдол маргаан үүсгэсэн үйл явц бүтэн жилийн туршид үргэлжиллээ. Бид энэ ажлын ард гарч, Арбитрын асуудал Эрдэнэт үйлдвэрийн талд шийдэгдсэн. “Кей Пи Эм Жи”-гийн гаргасан тооцоолол дээр тулгуурлаад, Ажлын хэсэг бүх компанитай хэлцэл хийлээ. Бид үнэхээр бодитой гарсан зардлыг нэмж олгоё оо, магадгүй буруу тооцоолсон, хэтэрхий хөөсөрсөн үнийн тооцоог эргэж харах шаардлагатай гэдэг байдлаар аж ахуйн нэгж, байгууллагуудтай хэлцэл хийсэн. 19 аж ахуйн нэгжээс хоёр аж ахуйн нэгж нь үнийн өсөлтөд хамрагдахааргүй байсан тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байгааг мэдэгдсэн. Хоёр компани бидний саналыг хүлээн авч тохиролцоогүй бөгөөд шүүхийн маргаан үүсгээд явж байна. 14 аж ахуйн нэгжтэй хийсэн хэлцэл амжилттай болж, гэрээний нэмэлтээр үнийн өсөлтийг шийдвэрлэсэн. Нэг нь “Өргөө хаан констракшн”-тай холбоотой асуудал орсон байсан. Ингээд нийтдээ 183 тэрбум төгрөгийн үнийн өсөлтийн хүсэлтийг шийдвэрлэхдээ 105 тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийлээ.
-Хэмнэлтийн 105 тэрбум төгрөгийг юунд зарцуулахаар төлөвлөж байна?
-Хөрөнгө оруулалтдаа зарцуулна. Энэ жил Баяжуулах үйлдвэр дээр хоёр том төслийг эхлүүлнэ. Бид өнгөрсөн жил Баяжуулах үйлдвэрийнхээ суурилагдсан хүчин чадлыг 38 сая тоннд хүргэж чадсан бол энэ жил 40 сая тоннд хүргэхээр зорьж байна. Хаягдлын аж ахуй дээр томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Хүдэр бэлтгэлийн шугамаа шинэчлэх ажлууд хийгдэж байна. Эдгээр томоохон бүтээн байгуулалтын ажлууддаа хэмнэлтийн энэ мөнгийг зарцуулахаар төлөвлөсөн.
-Ингэхэд ажилчдыг орон сууцжуулах “Уурхайчин-2” төслийн гүйцэтгэгч “Өргөө хаан констракшн” компанитай ямар асуудал үүссэн бэ?
-“Өргөө хаан констракшн” барилгын ажлыг гүйцэтгэж чадахгүй болж, төсөл амжилтгүй болсон. Мөн захиалагчтай байгуулсан гэрээгээ зөрчиж, баригдаагүй орон сууцанд ажилчдаас урьдчилгаа төлбөр авсан асуудал үүссэн. Үндсэндээ 330-аад ажилтан нийт найман тэрбум төгрөг өгсөн нөхцөл байдал үүссэн байсан. “Уурхайчин-2” төслийг хэрэгжүүлэгч “Өргөө хаан констракшн” компанийн хариуцлагагүй үйлдэл дээр уурхайчдынхаа эрх ашгийг хамгаалах, тэднийгээ хохиролгүй болгоход үйлдвэрийн удирдлагын зүгээс анхаарч, урьдчилгаанд төлсөн мөнгийг инфляцын түвшинтэй уялдуулан тооцох ажлыг олон улсын аудитын байгууллагаар хийлгээд, нийтдээ 330 ажилтанд 9.7 тэрбум төгрөгийг олгож шийдвэрлэлээ. Бид энэ 9.7 тэрбум төгрөгийг “Өргөө хаан констракшн”-аас шүүхээр нэхэмжилнэ. Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа хохирлыг бүрэн барагдуулж, нэг талдаа гарч байж, ажилчдаа төлөөлж шүүхэд нэхэмжлэхээр бэлтгэж байна. “Өргөө хаан констракшн”-ын хувьд тендерт оролцохдоо гаднын компанитай түншлэлийн гэрээ хийж, төсөл хэрэгжүүлэх санхүүгийн чадамжаа баталгаажуулж орж ирсэн. Өөрийн хөрөнгөөр орон сууцны хорооллыг бүрэн барьж дуусгах, зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад худалдах замаар борлуулалтаа хийх, барилгын ажил дуусаагүй байхад үйлдвэрийн ажилчдаас ямар нэгэн байдлаар урьдчилгаа төлбөр авахгүй гэсэн нөхцөлтэй байсан боловч гэрээний үүргээ зөрчсөн. Тендерт шалгарч, гэрээ хийснийхээ дараа түншлэгч байгууллагатайгаа гэрээгээ цуцалсан бөгөөд санхүүгийн чадваргүй болж эрсдэл үүссэн. Гэрээ хэлцлийн дараа үүссэн энэ нөхцөл байдалтай нь уялдуулаад Эрдэнэт үйлдвэр хамтарч ажиллах замаар төслийг амжилттай болгох боломжуудыг эрэлхийлж, ажлын хэсэг байгуулан энэ компанийн удирдлагуудтай удаа дараа уулзаж хэлэлцсэн ч амжилтад хүрээгүй. “Өргөө хаан констракшн”-ын зүгээс ирүүлж байсан саналууд нь Эрдэнэт үйлдвэрт болон ажилтнуудад үр ашиггүй байсан учраас энэ төслийн ажил өнөөдрийг хүртэл зогссон. Тийм учраас үйлдвэрийн удирдлага асуудлыг “Эрдэнэс Монгол” нэгдэл болон Төлөөлөн удирдах зөвлөлд удаа дараа танилцуулан чиглэл авсны үндсэн дээр ажилчдаа хохиролгүй болгох арга хэмжээг нэн тэргүүнд авч хэрэгжүүлсэн.
-Эрдэнэт үйлдвэр маань тулдаа ажилчдаа хохиролгүй болгож чадлаа гэж олон захиалагч талархсан сэтгэлээ манай сониноор дамжуулан илэрхийлсэн. Зэсийн үнэ буурч байгаа энэ үед Эрдэнэт үйлдвэр ямар бодлого, төлөвлөгөөтэй ажиллаж байна?
-Бид 2024 оны төлөвлөгөөнд зэсийн үнийг Монгол Улсын нэгдсэн төсөвт туссаны дагуу 9000 ам.доллар байхаар тооцож төлөвлөсөн боловч хоёрдугаар сарын дунджаар 8295 ам.долларын ханштай байна. Тэгэхээр энэ нөхцөл байдалд бид нөөц төлөвлөгөө боловсруулан ажиллах зайлшгүй шаардлага гарч байгаа. Оны сүүлийн хагас жилд зэсийн үнэ өнөөгийн түвшнээс өсөх магадлалтай байгаа тул одоогоор бид үнийг 8447 ам.доллар байхаар тооцож, нөөц төлөвлөгөөгөө хийсэн. Энэ нөөц төлөвлөгөөгөөр зэсийн үнэ энэ жил дунджаар 8447 ам.доллар байхад бид үйл ажиллагааны зардлаа 10 орчим хувиар бууруулах, хөрөнгө оруулалтын 180 тэрбум төгрөгийн ажлыг эрэмбэлж хойшлуулахаар байна.
-Зэсийн үнийн уналт биднээс “бүсээ чангалах”-ыг эрхгүй шаардаж байна. Ажилчдад хандаж юу хэлэхсэн бол..?
-Эрдэнэт үйлдвэрийн санхүү, эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд 2023 онд бүрэн биелж, уурхайчин хамт олон маань амжилттай сайн ажилласан. Өнгөрсөн онд төлөвлөгөөт зорилтуудаа хэрэгжүүлж, улс, орон нутгийн төсөвт хоёр их наяд төгрөгийг төвлөрүүллээ. “Ковид” цар тахлын амаргүй үед бид Монгол Улсынхаа айл өрх, аж ахуйн нэгжүүдийн ус, дулаан, цахилгаан, хогны төлбөрийг 18 сарын хугацаанд хариуцан ямар ч зээл авалгүй, үйл ажиллагааны үр дүнгээр бүрэн санхүүжүүлсэн. Үүнд 1.1 их наяд төгрөг төлж байсан. Тухайн жилдээ 2021 онд улс, орон нутгийн төсвийн орлогод 1.2 их наядыг төвлөрүүлж байлаа. Жилийн дүнгээрээ 2.3 их наяд төгрөг болж байсан. Харин 2023 онд улс, орон нутгийн төсвийн орлогод 2 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн амжилттай ажиллалаа. Мөн Эрдэнэт үйлдвэрийн борлуулалтын орлого дөрвөн их наядыг давсан түүхэн жил болсон. Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч, уурхайчин хамт олон үйлдвэрийнхээ 45 жилийн босгон дээр түүхэн дээд амжилтуудыг гаргаж ажилласан. 2024 оны хувьд зэсийн үнийн бууралттай холбоотой өртөг зардлаа хямгадаж, үр ашгаа нэмэгдүүлж ажиллах зайлшгүй шаардлага үүсэж байна. Улсын төсөвт тусгагдсаны дагуу бид зэсийн үнийг тонн тутамдаа 9000 ам.доллар байхаар төлөвлөсөн боловч төлөвлөснөөс 700-аад ам.доллароор доогуур ханштай яваа. Тиймээс зэсийн үнийн бууралтаас үүсэх орлогын дутагдлыг хэрхэн нөхөж ажиллах вэ гэдэгт анхаарч байна. Бидний үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээ нэгэнт тодорхой. Эрдэнэт үйлдвэрийн уул геологийн нөхцөл, гарч байгаа хүдрийн шинж чанараас хамаараад үйлдвэрлэлийн тоо хэмжээг нэмэгдүүлэх боломж хязгаарлагдмал байгаа энэ үед өртөг зардлаа бууруулах нь гол алхам. Тиймээс үр ашигтай хөрөнгө оруулалт хийх, түүнийхээ өгөөжийг богино хугацаанд хүртэх, нөгөө талдаа үйл ажиллагааныхаа зардлыг бууруулах бодлого барьж ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр өртөг зардлаа бууруулахдаа ажилчдынхаа цалин хөлсийг нэмэх бодлогоо алдагдуулаагүй. Энэ оны эхнээс ажилчдын цалин 30 хувь нэмэгдсэн. Нөгөө талдаа, энэ 30 хувийн өсөлтийн зардлыг бид хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэх замаар нөхөх хэрэгтэй. Тийм учраас Уурхайчин хамт олон маань өөр өөрийн ажлын байран дээрээ хөдөлмөрийн бүтээмжээ хэрхэн яаж нэмэгдүүлж, үйлдвэртээ үр ашигтай ажиллах вэ гэдэг дээр ур ухаанаа уралдуулан ажиллана гэдэгт итгэж байна.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.
Эх сурвалж: Erdenettoday.mn Сэтгүүлч: М.Одгэрэл, Зурагчин: Б.Баттөгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.