УИХ-ЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ НАМ, ЭВСЭЛ, БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧДИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ ЗАРИМ АГУУЛГЫГ ТУСГУУЛАХЫГ УРИАЛЖ “ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨХ ХУУЛЬЧДЫН СҮЛЖЭЭ”-НЭЭС МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
Өчигдөр буюу 2024 оны 3-р сарын 13-ны өдөр Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн төлөөх хуульчдын сүлжээ”-нээс хэвлэлийн бага хурал хийж 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж буй улс төрийн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд хандан гаргасан уриалгаа танилцууллаа.
Энэхүү уриалгад ардчиллыг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих, хүний эрх, шударга ёсыг хангахад мэдээллийн ил тод байдал, иргэний мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнд амин чухал үүрэгтэй доорх асуудлыг мөрийн хөтөлбөртөө багтаахыг хүссэн байна.
Үүнд :
1. Олон нийтийн мэдэх эрхийг хамгаалах, төрийн мэдээллийн ил тод байдлыг дээд зэргээр хангах, төрийн байгууллага, албан тушаалтан өөрийн үзэмжээр мэдээллийг нууцлахыг хориглох үүднээс одоо мөрдөж буй хууль тогтоомжийг боловсронгуй болгох. Тухайлбал, төрийн нууцад хамаарах мэдээллийг Засгийн газар, албаны нууцад хамаарах мэдээллийг төрийн байгууллага өөрөө тогтоож буй зохицуулалтыг халж, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17-д заасны дагуу төрийн нууцын жагсаалтыг зөвхөн хуулиар тогтоох зохицуулалтыг хэрэгжүүлэх, хянах механизмыг бий болгох ;
2. Олон нийтийн мэдээлэлтэй байх, төрөөс ил тод байдал, хариуцлага шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах үүднээс Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцүүлэн сайжруулах;
3. Олон нийтийн мэдээлэлтэй байх эрхийг хангах, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх гол хөшүүрэг болох шүгэл үлээгчийг хамгаалах тусгайлсан хуулийн төслийг Авлигын эсрэг конвенц, хүний эрхийн олон улсын зарчимд нийцүүлэн боловсруулж батлах, сэтгүүлч нууц эх сурвалжаа хамгаалах онцгой эрхийг хуулиар баталгаажуулах;
4. Шүүмжлэлт дуу хоолойг эрүүгийн гэмт хэрэгт хамаатуулах замаар айлган дарамтлах боломж олгож буй Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн зохицуулалтыг хүчингүй болгож, хүний нэр төр, алдар хүндэд халдсан эсэх асуудлыг зөвхөн Иргэний хуулийн дагуу шийдвэрлэх нөхцөл бүрдүүлэх;
5. Албан ёсоор төрийн нууц хадгалах үүрэг хүлээгээгүй иргэний нийгмийн идэвхтэн, сэтгүүлч, иргэдийг нууцын хууль тогтоомж зөрчсөн гэх гэмт хэрэгт буруутгаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, олж авах, түгээх эрхийг хязгаарлаж буй Эрүүгийн хуулийн 19.11 дүгээр зүйл, 21.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хүчингүй болгох;
6. Цахим орчин дахь агуулга, үзэл бодлын илэрхийллийг төрийн байгууллагуудын оролцоотойгоор хязгаарлаж буй зохицуулалтыг өөрчилж, шүүхийн хяналт, оролцоогүйгээр цахим орчин дахь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлахыг хориглох;
7. Өргөн нэвтрүүлгийн тухайн хуулийн зарим гажуудал дутагдлыг засаж, боловсронгуй болгох. Тухайлбал, давхардуулсан, тодорхойгүй нэр томьёо, өргөн нэвтрүүлгийн байгууллагын олон улсын томьёоллоос гадуур ангилалд үндэслэн хэсэг бүлэг телевизэд давуу эрх олгосон зохицуулалтыг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтийг хянах механизмыг илүү тодорхой болгох, өргөн нэвтрүүлгийг дэмжих сангийн тухай зохицуулалтыг нарийвчлан тодорхой болгох, уг сангийн зарцуулалт, хяналтын хараат бус байдлыг хангах;
8. Олон нийтийн радио, телевиз нь улс орны үндэсний аюулгүй байдлыг хангах, улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоос ангид, хараат бус, найдвартай мэдээллээр иргэдийг хангах баталгаа нь байх учиртай. 2005 онд ОНРТ-ийн тухай хууль баталсан нь дэвшилттэй алхам байв. Гэвч энэхүү хуулийн хэрэгжилтийг улс төрийн шууд оролцоогоор гажуудуулж, олон нийтийн өргөн нэвтрүүлэг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй Цахим технологийн дэвшил, мэдээлэл бэлтгэх, түгээх, хүлээн авах үйл явц бүхэлдээ өөрчлөгдөж, худал ташаа мэдээллийн урсгал огцом нэмэгдэж буй эрин үед чанартай, хараат бус мэдээллээр олон нийтийг хангах хуулиар хүлээсэн үүрэг бүхий үндэсний хэмжээний мэдээллийн хэрэгслийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна;
9. Тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөнд үндэслэлгүй, хэт хязгаарлалт тавьж байгаа бодлого, хууль тогтоомжийг хүчингүй болгож, тайван замаар хуран чуулах эрхийг дэмжих Засгийн газрын үүргийг тодорхойлох зэргээр Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийг Монгол Улсын олон улсын хүний эрхийн хуулиар хүлээсэн үүрэгт нийцүүлэн бүрэн шинэчлэн сайжруулах зэрэг болно. Эх сурвалж: ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.