АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ГЭР БҮЛЭЭРЭЭ ХИЙЖ БОЛОХ САНАА
Амралтын өдрүүдээр бид маш олон зүйлийг хийж, амжуулна даа гэж төлөвлөх нь элбэг. Тэгээд Ням гарагийн орой ирэхэд бодож, төлөвлөсөн 15 зүйлээсээ ганц хоёрыг л амжуулсандаа сэтгэл дундуур амралтаа дуусгах бол түгээмэл зүйл. Ингээд амралтын өдрүүдээ илүү үр бүтээлтэй өнгөрүүлэхэд туслах 10 зөвлөмжийг хуваалцая.
1.Тогтмол буюу байнга хийдэг зүйлсээс өөр зүйл хий
Ажлын өдрүүдэд бид ихэнх тохиолдолд нэгэн хэвийн ажил амьдрал сургууль цэцэрлэг оройн хоол гэх энгийн байдлаар өдрийг өнгөрүүлдэг. Энэ нь давтагдмал, хэвшмэл үйлдлүүд юм. Байнга хийдэг зүйлсээсээ өөр юм хийх нь тархины нейроныг өөрчилдөг ба ингэснээр таны сэтгэх, юмыг өөр өнцөгөөс харах, хийх чадвар хөгждөг байна.
2. Бүх юмыг хийнэ гэж байхгүй
Хэрэв та амралтын өдрүүдээр хийх 20 зүйлийн жагсаалт гаргаад сууж байгаа бол та анхнаасаа бүтэхгүй төлөвлөгөө гаргаж байна гэсэн үг. Хийх ёстой ажлуудаа хамгийн чухлаас нь эхлээд эрэмбэлж үзээд, хамгийн чухал гэсэн хоёр гурван зүйл дээр л анхаараарай. Олон зүйлийг зэрэг хийх нь дэндүү хуучинсаг зүйл. Гүйлтийн машин дээр гарангаа ээж рүүгээ залгаж, интернэтээс мэдээлэл шалгах нь амралтын өдрийг бүтээмжтэй болгож байгаа мэт санагдаж магадгүй. Гэвч амжилттай яваа хүмүүс ингэх нь бүтээмжийг бууруулдгийг мэднэ. Үүний оронд хийх зүйлсээ нэг нэгээр нь хий. Өдөрт ихдээ л 2 зорилго тавих нь үр бүтээмжтэй байдлыг нэмнэ
3. Сэрмэгцээ өдрөө эхлүүл
“Эрт босвол нэгийг дуулна” гэдэг хоосонгүй хэллэг. Үр бүтээмжтэй байх талаар зөвлөмж, нийтлэл болгон л эрт босохыг чухалчилдаг. Мэдээж орой нь хангалттай эрт орондоо орсон байх ёстой. Ямартай ч сэрсэн даруйдаа шууд босож сурах хэрэгтэй. Босонгуутаа өдрийг эрчимтэй эхлүүлэх ямар нэг зүйл хийгээрэй: дасгал хөдөлгөөн хийх, гэрээ цэвэрлэх зэрэг. Ингэж өдрийг эхлүүлэх нь тэр өдрийн хэмнэлийг тогтоодог.
4. Тархиа амраа
Танд заавал хийж дуусгах ёстой ажлууд байхгүй бол тархиа амраах нь таны цаашдын бүтээмжид хэрэгтэй. Явган аялал хийх, гудамжаар алхах, бясалгал хийх гээд тархийг амрааж, сэргээх төрөл бүрийн зүйлс байдаг. Бясалгал хийж сурахад тань туслах курс, гар утасны Headspace, Calm зэрэг олон аппликэйшнүүд байдаг.
5. Нойроо нөхөж ав
“Нойрны өр” гэж ярьдаг нь үнэхээр бодит зүйл юм. Нойрны өртэй байхад та байнга ядранги байхаас гадна байнгын нойр дутуу явснаар илүүдэл жин нэмэх, зүрхний эмгэг, чихрийн шижингээр өвдөх магадлал илүү өндөртэй болдог байна. Хэрэв та ажил ихтэй байгаад нэг долоо хоногт нийт унтах цагаасаа 10 цаг хумсалсан бол амралтын өдрүүдээр 4 цагийг нь нөхөөд дараагийн ажлын өдрүүдээр өдөр болгон нэг нэг цагийн эрт унтаж нөхөх нь хамгийн үр дүнтэй байдаг байна. Мэдээж байнга ингэж нойроо нөхөхгүйгээр тогтмол 7-8 цагийн нойртой байх нь хамгийн эрүүл зуршил шүү.
6. Хүсэж байгаа ажилдаа бэлд
Ажлын өдрүүдээр та одоо хийж байгаа ажлаа л хийдэг. Амралтын өдрүүдээр та харин хийхийг зорьж байгаа ажилдаа бэлдэж шинэ чадвар, чадавхиа хөгжүүлээрэй. Албан тушаал дэвших, шинэ ажилд орох аль нь ч бай өөр өөрийн гэсэн чадвар, мэдлэг шаардах тул та үүнд бэлдэн судалгаа хийж, өөрийгөө хөгжүүлэх хамгийн зөв үе бол амралтын өдрүүд шүүн.
7. Сайн үйлсэд нэгд
Бусдын сайн сайхны төлөө ажиллах нь хүнд сэтгэл ханамж өгөхөөс гадна, бусадтай харилцаж, хүмүүст туслан, тэдэнтэй харьцсанаар таны амьдралыг харах өнцөгийг шинэчилж өгдөг. Амралтын өдрүүд нь ямар нэг сайн үйлсэд сайн дураараа оролцох хамгийн тохиромжтой үе. Байгаль орчин, ядуурал, эрүүл мэнд гээд олон төрлийн асуудалд чиглэсэн сайн дурын үйл ажиллагааг хувь хүмүүс ба байгууллагууд ихээр явуулдаг болсон.
8. Ням гарагийн оройг хөгжилтэйгээр өнгөрүүл
Ням гарагийн үдэш та өөрийн дуртай зүйлээ хийж сураарай. Тэгснээр та Ням гарагийн орой дөхөхөөр дотор харлах биш харин ч дуртай зүйлээ хийнэ гэж битүүхэн баярладаг болно.
9. Аль нэг өдрийг нь ажлаас ангид өдөр болгоорой.
Ажил амралтаа зөв зохицуулах нь хүн болгонд чухал. Харин та амралтын өдөр ч ялгаагүй ажлын имейлээ шалган, амжаагүй ажлаа дуусгахаар суудаг бол амралтын хоёр өдрийн ядаж нэгийг нь ажилтай огт холбоогүй өдөр болгох зарчимыг хэрэгжүүлээрэй.
10. Гэр бүлдээ цаг гаргах
Амралтын нэг өдрийг заавал гэр бүлдээ цаг гаргаж өнгөрүүл. Энэ нь их ажилтай буюу ажлын ачаалал их байдаг хүмүүст хамааралтай. Боломж цаг нь байвал та амралтын 2 өдрийг бүтэн гэр бүлдээ зарцуулж байвал таны гэр бүлийн харилцаа ЭРҮҮЛ байх боломжтой.
ГЭР БҮЛЭЭРЭЭ ЮУ ХИЙЖ БОЛОХ ВЭ
Кино үзэх:
Хамтдаа амттангаа бэлдэж байгаад буйдан дээрээ тухлан суугаад тэр долоо хоногт эсвэл цаг үедээ хит болж буй кино үзэх.
Унших цаг:
Энэ нь маш чухал. Хэдийгээр танай гэр бүлийн гишүүд өдөр бүр тогтмол ном уншдаг бол энэ нь маш сайн. Харин цаг хугацааны хувьд амждаггүйгээсээ болоод амралтын өдөр л ном унших цаг гарч байвал тэр цагийг гэр бүлээрээ ном унших цаг болгож өөрчлөөрэй. Хүний тархи ном уншсанаар ямар их хэмжээгээр сэргэж байдаг гэж санана. Тиймээс багаас нь хүүхдүүдээ номонд дуртай болгомоор байвал та танай гэр бүл эхлээд өөрчдөө уншигч байгаарай.
Шинэ хоолны жор турших:
Заавал шинэ хоол гэхгүйгээр оройн хоолоо эсвэл өдрийн хоолоо хүүхдүүдтэйгээ хамтдаа хийх хоол сонгож хамт хийж хэвшээрэй. Инэгснээр та хүүхэдтэйгээ ярилцах, нандин холбоо үүсгэх боломж гарна. Яриа энгийнээр буюу хоолны тухай, хийх дарааллын тухай, бага хүүхэд тань хацар үсэндээ гурил будаа нялаад дэггүйтээд хүүхдүүдтэйгээ хамтдаа амттай хоол хийх нь танай гэр бүлийн эерэг эрүүл харилцааг бэхжүүлэх болно.
Бясалгал хийх:
Гэр бүлээрээ бясалгал хийх нь эрүүл мэндийн хувьд бидний бие бялдар хөгжлийн хувьд эрүүл, эрч хүчтэй байж ирэх долоо хоногийн ажилд биеэ бэлдэх тайвшрал авчрах болно.
Мөн өнгөрсөн долоо хоногийнхоо талаар бодож, дүгнэх хугацаа гаргаж болно. Юуг амжилттай хийсэн, юунд та баяртай байгаа, ирэх долоо хоногийг яаж илүү үр дүнтэй болгох талаар бодож болно. Өөрөр та гэр бүлтэйгээ амралтын өдрөө илүү гоёоор, илүү тайвнаар, илүү бүтээлчээр, илүү үр дүнтэйгээр, илүү хөгжилтэйгээр өнгөрүүлж болох олон олон санаа бий. Түүнийгээ хэрэгжүүлээд амралтын өдөр мөрддөг мөрдлөг болгоод үзээрэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.